Шөвгийн наймд ямар багууд үлдэх вэ

Хэсгийн тоглолтуудаас ямар аз нь шовойж гялалзсан, өрсөлдөгчөө буулгаж авсан аавын хөвгүүдийн 16 баг шалгарах талаар ид яригдаж, таамаглаж, бооцоо тавьж байсан цаг өнгөрч одоо шөвгийн наймд үлдэх 8 шигшээ багийн тухай ярьж эхэллээ.

Эхний шигшээ: Бразил

Өнгөрсөн шөнийн хоёр тоглолтын үр дүнгээр дэлхийн аваргын зохион байгуулагч, таван удаагийн дэлхийн аварга Бразилийн баг Чилийн шигшээг эцсийн мөчид арайхийн буулгаж аван шөвгийн наймд үлдээд байна.

Хэдийгээр хэсгийн тоглолтоос авахуулаад Бразилийн шигшээ нэг л барагтайхан тоглолтууд үзүүлээд байгаа ч яах аргагүй эх орон ард түмний даалгаврыг биелүүлж шөвгийн наймд үлдээд байна.

Хоёр дахь шигшээ баг: Колумб

Харин нөгөө тоглолтод Хамес Родригесийн гялалзсан цохилтууд Луис Суаресийн хариуцлагагүй байдлаас болж тун хүнд байдалд ороод байсан Уругвайн шигшээгийн энэ цаг үеийн хүчирхэг түүхийг зогсоож орхисон юм.

Хамесийн хоёр гоолын ачаар Колумбийн шигшээ дэлхийн аваргад ирсэнээсээ хойшхи дөрөв дэх хожлоо дараалан авсан бол, 23 настай Хамес Родригес өөрөө таван гоолтойгоор дэлхийн аваргын мэргэн буучдыг тэргүүлж байна.

Месси, Неймар, Мюллер гэсэн дөрвөн гоолтой супер оддыг ардаа орхисон залуугийн тухай өнөөдөр дэлхий дахин шуугиж байгаа билээ.

Колумбийн од Радамель Фалкаог бэртлийн улмаас дэлхийн аваргыг өнжихөд харамсаж байсан колумбчууд өнөөдөр түүнээс ч илүү гялалзах шинэ одтой болж түүхэндээ анх удаа шөвгийн наймд үлдсэн баяраа тэмдэглэж байна.

Энэ шөнө 1974, 1978, 2010 он гээд дэлхийн аваргын гурван удаагийн мөнгөн медальт Нидерландын шигшээ баг Мексикийн хүчтэй шигшээгийн эсрэг хасагдах шатны тоглолтоо хийнэ.

Гурав дахь шигшээ баг: Голланд уу Мексик үү

Довтолгооны хүчирхэг бүрэлдэхүүнтэй хэдий ч хамгаалалтын сул талууд ихтэй хэмээх сайн муу хоёр талтай тоглолт үзүүлдэг нисдэг голландчууд дасгалжуулагч Луи Ван Гаалын удирдлага дор энэ шөнө шөвгийн наймд үлдэх, цаашлаад амжилтаа бататгах эсэхээ шийднэ. Бүр цаашлаад ДАШТ-ий өмнө ч тэр, одоо ч тэр хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа хэрээрээ алтан цомын эзэд болох мөнхийн хүслээ биелүүлэхэд тулгарах эхний том саадаа давах уу үгүй юу гэдгээ шийдэх юм.

Тэдний хувьд дэлхийн аваргын B хэсэгт багтан тоглож отгон аварга, 2008 оноос хойш босоо байгаа Испанийн шигшээг 5:1-ээр бутниргэж гайхалтай шуугиан дэгдээсэн. Энэ хожигдлоос хойш испаничууд төдийлөн бүтэлтэй тоглолт үзүүлсэнгүй хэсгээсээ ч гарч чадалгүй нутгийн зүг жолоо залсан билээ.

Голландын баг үргэлжлүүлэн Австралийг 3:2-оор, Чилийг 2:0-ээр буулган авч Робин Ван Перси, Арьен Роббен нар тус бүр гурван гоолтой мэргэн буучдын жагсаалтад бичигдэж байгаа юм. Хэсгийн гурван тоглолтдоо хожигдолгүй гурав ялж 9 оноогоо авсан шигшээ Голланд болон Бельги, Аргентин, Колумбийнх. Мөн Голланд хэсгийн тоглолтод гурав тоглохдоо нийт 10 гол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол 3 гоол алдаад байгаа өндөр үзүүлэлттэй. Тэгэхээр дэлхийн аваргыг хамгийн өндөр үр дүнтэй үргэлжлүүлж байгаа баг бол Голландын шигшээ.

Мексикийн шигшээгийн хувьд ч мөн А хэсгийн Бразилийн араас тэргүүлж гарахдаа Бразилтай тэнцэж, Хорватыг 3:1, Камеруныг 1:0-ээр буулган авахдаа4 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, нэг гоол алдсан үзүүлэлттэй байна. Тиймээс Голланд Мексикийн багууд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх хэдий ч хожил ямар нэг байдлаар Голландын талд байх урьдчилсан таавар аль ч талаараа илүү байна.

Дөрөв дэх шигшээ: Коста Рика юу Грек үү

Мөн өнөө шөнө болох бас нэгэн тоглолт бол Грек болон Коста Рикагийн шигшээ багуудын учраа байх болно.

Коста Рикагийн шигшээ бол энэ дэлхийн аваргын хамгийн битүү морь байж, өндөр амжилт үзүүлэн хэсгээ тэргүүлэхдээ бүр үхлийн гэгдэх D хэсгийн тэргүүлэн гарч ирсэн юм. Нэг хэсэгт багтаж аль нь ч дэлхийн аварга болох өндөр магадлалтай гэх гурван багийг тэд ялж чадсан юм. Гурав гэхийн учир нь Англитай тэнцсэн хэдий ч энэ нь Английн хувьд гутамшигт хожигдол байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.

Уругвайг 3:1-ээр, Италийг 1:0-ээр буулган авч Англитай гоолгүй тэнцсэнээр тэд 7 оноотой үхлийн хэсгийг тэргүүлэн гарч Гректэй хасагдах шатанд таараад байгаа.

Харин Грекийн шигшээ багийн хувьд С хэсэгт багтаж Колумб, Кот Дивуар, Японы шигшээтэй үзэж тарж эцсийн мөчид Колумбтай хамт хэсгийнхээ хоёрдугаар байраар шалгарсан юм. Тэд хэсгээ тэргүүлсэн Колумбид 3:0-ээр ялагдсан ч Японтой 0:0-ээр тэнцэж сүүлийн маш чухал тоглолтод Кот Дивуарыг 2:1-ээр буулган авч хасагдах шатанд үлдэж чадсан.

Ингээд тэд Коста Рикагийн шинээр гялалзан гарч ирж буй хүчирхэг шигшээ багтай тоглоно. Энэ тоглолт урьдчилан таамаглахад маш хэцүү эн тэнцүү өрсөлдөөн үзүүлэх боловч эцсийн мөчид хэсгийн тоглолтод илүү өнгөтэй, хүчтэй байгаагаа харуулж чадсан, уур амьсгал цаг агаар хөгжөөн дэмжигч гээд бүх талаараа давуу талтай буй Коста Рика улсын шигшээ баг ялж түүхэндээ анх удаа ДАШТ-ий шөвгийн наймд үлдэх магадлал өндөр байна.

Үргэлжлэлтэй...

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ