Шүгэл дуугарахын өмнө: Голланд vs Мексикк

Довтолгооны хүчирхэг бүрэлдэхүүнтэй хэдий ч хамгаалалтын сул талууд ихтэй хэмээх сайн муу хоёр талтай тоглолт үзүүлдэг нисдэг голландчууд дасгалжуулагч Луи Ван Гаалын удирдлага дор энэ шөнө шөвгийн наймд үлдэх, цаашлаад амжилтаа бататгах эсэхээ шийднэ.
Бүр цаашлаад ДАШТ-ий өмнө ч тэр, одоо ч тэр хамгийн өндөр амжилт үзүүлж байгаа хэрээрээ алтан цомын эзэд болох мөнхийн хүслээ биелүүлэхэд тулгарах эхний том саадаа давах уу үгүй юу гэдгээ шийдэх юм.
Тэдний хувьд дэлхийн аваргын B хэсэгт багтан тоглож отгон аварга, 2008 оноос хойш босоо байгаа Испанийн шигшээг 5:1-ээр бутниргэж гайхалтай шуугиан дэгдээсэн. Энэ хожигдлоос хойш испаничууд төдийлөн бүтэлтэй тоглолт үзүүлсэнгүй хэсгээсээ ч гарч чадалгүй нутгийн зүг жолоо залсан билээ.
Голландын баг үргэлжлүүлэн Австралийг 3:2-оор, Чилийг 2:0-ээр буулган авч Робин Ван Перси, Арьен Роббен нар тус бүр гурван гоолтой мэргэн буучдын жагсаалтад бичигдэж байгаа юм. Хэсгийн гурван тоглолтдоо хожигдолгүй гурав ялж 9 оноогоо авсан шигшээ Голланд болон Бельги, Аргентин, Колумбийнх.
Мөн Голланд хэсгийн тоглолтод гурав тоглохдоо нийт 10 гол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулсан бол 3 гоол алдаад байгаа өндөр үзүүлэлттэй. Тэгэхээр дэлхийн аваргыг хамгийн өндөр үр дүнтэй үргэлжлүүлж байгаа баг бол Голландын шигшээ.
Мексикийн шигшээгийн хувьд ч мөн А хэсгийн Бразилийн араас тэргүүлж гарахдаа Бразилтай тэнцэж, Хорватыг 3:1, Камеруныг 1:0-ээр буулган авахдаа 4 гоол өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, нэг гоол алдсан үзүүлэлттэй байна.
Энэ хоёр шигшээ өмнө нь 6 удаа таарч тоглохдоо 1 тэнцэж, 3-т нь голландчууд ялж, 2-т нь мексикчүүд хожсон байх аж. Энэхүү 6 тоглолтод нийт 22 гоол орсноос Голланд 11, Мексик 11 гэсэн эн тэнцүү гоолын үзүүлэлттэй. Тиймээс бие биенийхээ эсрэг маш сайн өрсөлдөж чаддаг нь илэрхий.
Яг одоо Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны вэбсайт www.fifa.com дээр энэ тоглолтын хожлын эзнээр санал өгөгсдийн 55 хувь нь Мексикт, 45 хувь нь Голландын шигшээд өгчээ.
Тэгвэл www.yahoo.com вэбсайт дээр алдарт Жозе Моуриньогийн хөтлөн явуулж буй дэлхийн аваргын буланд 85 хувь нь Голландыг хожно хэмээсэн бол үлдсэн 15 хувийн санал Мексикийг хожно хэмээн ирсэн байна.
Хаалгачдын хувьд Мексикийн шигшээгийн хаалгач Гиллермо Очоа энэ тоглолтын бас нэгэн түлхүүр нь болж мэдэх. Тэрээр хэсгийн тоглолтод Бразилийн шигшээгийн эсрэг гайхалтай гавьяа байгуулж шуугиулсан юм. Бразилчуудын маш олон аюултай довтолгоо, цохилтыг чухамдаа хаалгачийнхаа ачаар л мексикчүүд аюулгүй болгож байлаа.
Тиймээс Голланд Мексикийн багууд хүчтэй өрсөлдөөн үзүүлэх хэдий ч хожил ямар нэг байдлаар Голландын талд байх урьдчилсан таавар аль ч талаараа илүү байна. Энэ ч утгаараа Мексикийн шигшээ дэлхийн аварга эхэлснээс хойш хаалгандаа ганцхан гоол алдсан гэдэг өндөр үзүүлэлттэй яваа баг. Харин голландчуудын хувьд хаалгандаа 3 гоол алдчихаад байгаа ч гайхалтай довтлогчдынхоо ачаар нэг ч хожигдолгүй явна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ