Аваргууд хэд нь үлдэв?

Хөлбөмбөгийн ДАШТ 19 удаа зохион байгуулагдахад найман улс аварга болсон түүх бий. Бразил-5, Итали 4, Герман 3, Аргентин 2, Уругвай 2, Англи 1, Франц 1, Испани 1 удаа аваргын алтан цомыг өргөж байсан юм. Тэгвэл Өмнөд Америкийн Бразил улсад зохион байгуулагдаж буй 20 дахь удаагийн дэлхийн аваргад өмнө нь аваргаар тодорч хөлбөмбөг хэмээх гайхамшигт спортын тэргүүлэгч гүрэн болохоо харуулсан дээрх улсуудаас түрүүлэх үү, шинэ улс шинэ аварга болох уу хэмээх асуулт зүй ёсоор хариулт нэхсээр байна.

2010 онд түрүүлсэн отгон аварга Испанийн шигшээ бол өмнө нь хараахан түрүүлж амжаагүй улс байсан. Үүнээс өмнө 1998 онд түрүүлсэн Францын шигшээ 1966 оноос хойш (1966 онд Англи анх удаагаа түрүүлсэн) долоон удаагийн ДАШТ-д аваргууд ээлж дараалан түрүүлэхэд цэг тавьж шинэ аваргаар тодорч байсан билээ. Энэ удаагийн ДАШТ-ий хасагдах шатанд үлдсэн 16 баг дотор дэлхийн аваргаар тодорч байсан найман үндэстний тав нь буюу Бразил, Герман, Аргентин, Франц, Уругвай улсууд шалгараад байв. Тэгвэл өнгөрсөн шөнийн тоглолтын үр дүнд тэдний эгнээнээс Уругвай улсын шигшээ хасагдаад байна. Тиймээс одоогоор Испани, Итали, Англи, Уругвай гэсэн дөрвөн аварга улс дэлхийн аваргаас буцаад байна.

Нэг удаагийн дэлхийн аварга Франц болон гурван удаагийн аварга Германы шигшээ эхний учраа болох Африкийн багууд Нигери, Алжирыг хожчихвол шөвгийн наймд хоорондоо таарах нь тодорхой болж байгаа.

Тиймээс шөвгийн дөрөвт дээрх дөрвөн аваргаас дээд тал нь гурав нь үлдэх магадлалтай. Гэхдээ тэд үнэхээр сайн байж учраа багуудаа буулгаж авсан тохиолдолд шүү.

Ингээд одоо үлдээд байгаа дөрвөн аварга түрүүлж өргөсөн алтан цомынхоо тоог нэмэх үү шинэ аварга тодрох уу гэдэг асуултын хариуг бид удахгүй харах буй за.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ