Шнайдер: Бидэнд ганц л зорилт бий

Нидерландын шигшээ багийн төвийн хагас хамгаалагч Уэсли Шнайдер хэвлэлийнхэнд Мексиктэй хийх тоглолтынхоо тухай сэтгэгдлийг хуваалцжээ.
"Бид энэ удаагийн дэлхийн аваргад зөвхөн аваргын цом өргөх зорилготой л ирсэн. Бусад багууд шиг өмнөх амжилтаа давтах ч юмуу аль болох хичээж чадах ядахаараа тоглох гэх мэт үгс бидэнд хэрэггүй.
Зөвхөн аварга гэдэг зорилт, тэр үг л бидэнд бий. Дасгалжуулагч Ван Гаал маань ч бидэнд энэ зорилгыг ой ухаанд маань шингэтэл тогтоож өгсөн тул бид дэлхийн аваргын эхнээс л амжилттай тоглож байна" хэмээжээ.
Үнэхээр ч Голландын шигшээ баг түүхэндээ гурван удаа дэлхийн аваргын цомоос атгаад алдаж байсан. Гурван удаа мөнгөн медаль хүртсэний нэг нь 2010 оны ДАШТ билээ. Шигшээ баг нь хэсгийн гурван тоглолтод 10 гоол оруулсан гэсэн өндөр үзүүлэлттэй яваа ба Шнайдерийн хувьд одоогоор нэг ч гоол оруулж амжаагүй байна. Тиймээс энэ тоглолтод гоолын эзнээр тодрох сэтгэлзүй түүнд хэдийнэ үүсчихээд байгааг хэвлэлийнхэн онцолжээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ