Монголын секс тур диваажин хэмээн Солонгост алдаршиж байна

Хэдэн жилийн өмнө нэгэн солонгос хүн Монгол солонгосчуудын секс аялал жуулчлалын нэг чиглэл болж байгаа талаар харамсан бичиж байсан билээ. Тэгвэл тэр цагаас хойш энэ улс жинхэнэ утгаараа солонгосчуудын секс жуулчлалын диваажин болж хувирчээ. Монголд ирж буй жуулчдын саяхны статистикийг сонирхвол, жил бүр Өмнөд Солонгосын 40 орчим мянган жуучин Монголд ирдэг ба тэдний ихэнх нь эрчүүд байгаа юм.
Сүүлийн үед Монголд уул уурхай цэцэглэж, жуулчид харах онгон байгаль устаж байгаа тул энэ улсын аялал жуулчлал улам бүр зугаа цэнгэл талдаа болж байгаа ажээ. Тэгвэл, саяхан Монголын сайтуудаар ийм нэг мэдээ тарсан. 2013 оны 7 дугаар сард Солонгосын "Ко. VС" гэдэг хувийн телевиз (зөвхөн цахим хэлбэрээр такс төлж, үзэгчиддээ үйлчилдэг) нэгэн сонирхолтой шоу нэвтрүүлгийг Монголд хийх болсон гэнэ. Тэр нь "100 сая вонны төлөө" гэх нэртэй. Энэ нэвтрүүлгийн оролцогчид Монголд нэг сарын хугацаанд хэн нь хамгийн олон залуу бүсгүйчүүдтэй учрах вэ гэдгээрээ өрсөлджээ.
Дээрх нэвтрүүлэгт оролцоххүмүүснь 55-65 насны халзан толгойтой солонгос өвөгчүүд байв. Нэвтрүүлгийг дүрсэлбэл, тэд Улаанбаатар хот руу орж ирж байгаагаар шоу эхэлнэ. Оролцогчдоос 58 настай Во Жү Ли монгол охидыг хуу өвөртлөх тэмцээнд нэлээд дээгүүр явна гэнэ. Өдөрт 5 бүсгүйтэй энгэр зөрүүлэх нь тэдэнд өгөгдсөн норм. Гэхдээ, тэд өдөрт 5-аас олон тооны охидыг эзэмдэхийн тулд тэд чадлынхаа хэрээр зүтгэнэ. Во Жү Ли “би энэ тэмцээнд ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна" хэмээн дэлгэц дүүртэл үрчгэр нүүрээ таталдуулан инээмсэглэж байжээ. Дээрх тэмцээний ялагч 100 сая вонн, удаах байрын оролцогч 50 сая вонн хүртэх ёстой гэнэ.
Дээрх нэвтрүүлгийн тухай мэдээлэл манай сайтуудаар тарсан даруйд хүмүүс үүнд үл итгэж байгаагаа илэрхийлж байсан юм. Гэвч, өнөөгийн Монгол Улс нь солонгос эрчүүдийн зугаа цэнгээн, доог тохуурхлын талбар нэгэнт болсон гэдгийг үгүйсгэх боломжгүй болжээ. Солонгосчууд секс жуулчлалын зорилгоор манай улсад бөөнөөрөө ирэх болсон үе нь аль 2005 он ажээ. Үүнээс хойш 10-аад жил өнгөрөхөд солонгос эрчүүдийн энэ урсгал улам нэмэгдсэн юм.
Монголын төр засаг энэ төрлийн муу жуулчлалыг анхааралдаа авч, таслан зогсоох цаг аль хэдийн болсон билээ. Гэвч, өнөөгийн засгийн газар Монголын эдийн засаг хүндэрсэн гэсэн шалтгаанаар зугаа цэнгээний жуулчлалыг улам дэлгэрүүлэх бодлогыг дэмжиж эхэлжээ.
Өнгөрсөн жил, Улаанбаатар хотын Чингис хааны талбайн ойролцоо орших “Урт цагаан”-ы гудамжийг “улаан дэнлүү” буюу янханы гудамж болгох асуудлыг дээгүүр эрчимтэй ярилцжээ. Бүр, үүнд зориулж хууль, эрхзүйн таатай орчин бий болгох лобби бүлэг УИХ-д бий болсон хэмээн хэвлэлд бичигдсэн. Харин тухайн үед УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг энэ талаар олон нийтэд мэдэгдэж орхисон ба УИХ-ын эмэгтэй гишүүд Монголд янхандалтыг албан ёсоор зөвшөөрөхийг эрс эсэргүүцсэн билээ.
Гэтэл Н.Алтанхуягийн засгийн газар “100 хоногт багтаан эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөл” гэгчийг УИХ-д саяхан батлуулав. Энэ төсөлд нэг ноцтой заалт орсон байна. Энэ заалтаар, засгийн газар “гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих... тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх” ажээ. Ялангуяа, үүн дотор “Амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх” гэсэн өгүүлбэр анхаарал татсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлснээр, дээрх тогтоолын төсөл нь өнөө муу нэртэй зугаа цэнгээн, түүний дотор казиног дэмжих агуулгатай гэнэ. Хэрэв тийм бол эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолд заасан гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээ гэдэг нь Монголыг жинхэнэ “Тайланд-2” болгон хувиргах бололцоо байж магадгүй л юм.
Аагий
Эх сурвалж: www.gashuun.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ