Өнөөдөр монголчуудын шударга ёсны өдөр

{---left---}Зургаан жилийн өмнө энэ өдөр улстөрчдийн бурангуй үйлдлийг эсэргүүцсэн ардын хүүхдүүдийн цус урссан юм. Өнгөрсөн үеийг эргэн санадаг учраас хүн бусад бодгалиас ялгаатай гэдэг. Тиймээс хүн учраас бид энэ өдрийг мартах аргагүй юм.

2008 оны долдугаар сарын 1-ний "хар өдөр"-ийг эргэн санахад, УИХ-ын сонгуулийн шийдвэрийг танилцуулмагц хэсэг бүлэг иргэд тухайн үеийн МАХН-ын төв байрны өмнө цугларан, эсэргүүцэл илэрхийлэн, тэр нь эцэстээ үймээн болж, таван эрдэнэт хүний амь нас эрсдэн, олон арваараа гэмтэж бэртсэн эмгэнэлт явдалд хүргэсэн.

Үймээний явц хэт аюултай байдалд хүргэж мэдэхээр байсан учир арга буюу нийслэлд онц байдал зарлах шийдвэр гарч, бусдын эд хөрөнгийг эвдэж сүйтгэн, шатаасан гэх нэрээр хоморголон баривчлан саатуулж байх тэр үеэр таван хүн амь насаа алдсан юм. Гэсэн ч өнөөг хүртэл үймээнийг зохион байгуулсан, турхирсан байтугай хүний амь хөнөөсөн буруутныг олж илрүүлж чадалгүй зургаан жилийн "ойндоо" хүрлээ.

Хэдийгээр тэр үеийн эрх баригчдын утсан хүүхэлдэй болж явсан цагдаагийн удирдлагууд таван залуугийн амь насыг хөнөөсний буруутан болж шүүхээс ял сонссон ч энэхавраас эхлээд эхнээсээ суллагдаад эхэлсэн. Тэднийг буцааж хорь, олон жилээр ялла хэмээн турхирах нь хаашаа юм, харин энэ үймээнээр далимдуулан жирийн иргэдийг нухчин дарж сануулга өгөх гэсэн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарын улстөрчдийг шүүхийн өмнө дуудах цаг болсон баймаар.

Ард түмний жирийн төлөөлөл болсон залуус сонголтоо луйвардуулсныхаа төлөө эрх баригчдаас хариулт нэхсэнийхээ төлөө цусаа асгаруулж, амиа алдсан өдрийн шударга үнэн төлөөсийг Ардчилсан намын өнгөн дээр нэхэхгүй бол хэзээ нэхэх вэ.

Эрх чөлөө шударга тогтолцоог бий болгох хүсэлдээ хөтлөгдсөн сэтгэлийн дуудлагаар жагссан ард иргэдийн жагсаал хутган үймүүлэгчдийн гайгаар үймээн самуун болсон. Эцэстээ ард түмэн л хохироод, үймээн самуун дэгдээсэн нэрийдлээр иргэд хоморголон яллагдаад, энэ хэргийг нуруундаа үүрээд өнгөрсөн.

Үр хүүхэд, хань ижлээ ямар нэгэн шалтгаангүйгээр алуулж, тэгээд алуурчныг нь мэдэж чадалгүй өнөөг хүртэл сэтгэлийн тамд хатаж яваа тэдний нэхэл хэдий хатуу ч буруутгах аргагүй. "Хар" өдрийн үймээний хохирогчдын тоонд алба үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтсэн цагдаа нар ч зүй ёсоор ордог.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, дарга, удирдлагынхаа тушаалыг биелүүлснийхээ төлөө үүрэг гүйцэтгэж байгаад хоёр хөлөө хугалуулж, нүдээ ухуулан, тархи толгойны хүнд гэмтэл авсан цагдаа цөөн бус. Идэр залуу 20 гаруйхан насандаа групп тогтоолгон, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, хэдхэн мянган төгрөгийн тэтгэмж аваад, бусдынхаа адил гүйх нь байтугай хурдан алхаж ч чадахгүй тэднийг хохирогчид тооцохгүй байхын аргагүй.

Тэд төрийн ордныг хамгаалаагүй, Хувьсгалт намын байрыг хамгаалах тушаалын төлөө ингэж хохирсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ