Наадмаар тав хоног амрахаар болов

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадмын өдрүүд болох долоодугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд бүх нийтээр амардаг. Харин Засгийн газраас санаачлан боловсруулж өргөн барьсан энэхүү хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “13” гэсний дараа “, 14, 15” гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгасан юм.

УИХ-ын Д.Лүндээжанзан: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр долдугаар сарын 10-ны өдрийг амралтын өдөр болгох талаар ярилцсан уу. 10-ны өдөр ажил хийдэг хүн бараг байдаггүй.

А.Бакей: Хууль санаачлагчийн зүгээс долоодугаар сарын 14, 15 гэж нэмж, баяр наадмын өдрүүдэд нийтдээ таван өдөр амардаг байхаар тусгасан юм. Ер нь намрын чуулганаар энэ хуулийг бүхэлд нь авч үзэх тухай яригдсан.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: Монгол Улс ажлын нэг өдөр хичнээн хэмжээний бүтээмжтэй байдаг вэ. Энэ нь хичнээн төгрөг байх вэ? Ажлын болон баярын өдрийн балансын барьж байгаа зарчмын цаана ажлын бүтээмжээ яаж нөхөж байгаа вэ?

Гишүүд ийнхүү асуулт асууж дууссаны санал хураалт явууллаа. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байгаа юм. Тиймээс байнгын хорооны саналаар санал хураахадгишүүдийн олонх дэмжиж, баталлаа.

С.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ