Хэрэглэгч дугаартайгаа шилжих эрх нээгдэв


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг хэлэлцэн баталлаа.
Намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Ерөнхийлөгчөөс 16, УИХ дахь АН-ын бүлгээс 28, МАН-ын бүлгээс 37, “Шударга ёс” эвслийн бүлгээс 42 хуулий төслийн санал ирүүлжээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдааТөрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас хариулт авлаа.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Зарим хуулийн төсөл нэг өдрийн дотор өргөн баригдаад долоо хоногийн дотор батлагдаад явж байна. Гэтэл зарим нь жилээр хойшилж байна. Яагаад гишүүдийг ялгаварлан үзэж, хуулийн төслүүдийг нь оруулдаггүй юм бэ?
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей: Би хуулийг л баримталсан. УИХ дахь “Шударга ёс” эвсэл намрын чуулганаар хэлэлцүүлэх 42 хуулийн төсөл санал болгосон. Өршөөлийн хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасан. Гэвч хэлэлцэгдэж амжсангүй. Тиймээс намрын чуулганаар “бусад” гэсэн жагсаалтад оруулаад хэлэлцээд явах боломжтой.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг батлахгүйгээр эрүүл мэндийн шинэчлэл явагдахгүй. Яагаад энэ хуулийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаасангүй вэ? Мөн Малчдыг нийгмийн даатгалд хамруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хэлэлцэгдэх асуудлын жагсаалтад багтаагүй байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей : Эрүүл мэндийн даатгалын тухай хууль бол яах аргагүй хэлэлцэх хууль мөн. Байнгын хороогоор хэлэлцэх үед нэмж зарчмын зөрүүтэй санал гарсан. Тиймээс “бусад” гэсэн жагсаалтад оруулж болно.
Энэ мэтчлэн намрын чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж хариултаа авч дууссаны дараа гишүүд саналаа хэлж, улмаар УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Үүний дараа Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 80 хувь нь дэмжсэнээр төслийг баталлаа. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг холбогдох байнгын хороогоор хийх үед анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасан юм байна. Ингэснээр үүрэн холбооны хэрэглэгчид дугаараа солихгүйгээр оператор компаниа сонгон үйлчлүүлэх боломж нээлттэй боллоо.
С.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ