Шөвгийн найман баг шалгарлаа

Бразилд зохиогдож буй хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээний шөвгийн 16-гийн тоглолтууд өнгөрсөн шөнө дууслаа. Ингэснээр тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх багууд бүрэн шалгарч байна.
Хэсгийн тоглолтуудаас аз нь шовойж хурд хүч, тактикаараа илүүрхэн өрсөлдөгчөө буулгаж авсан 16 баг хасагдах шатанд дэлхий дахиныг шуугиулсан гайхалтай тоглолтуудыг хийсэн юм. Хэсгийн тоглолтуудад Испани, Итали, Англи зэрэг хүчирхэг шигшээд олны таамгийг өөрчилж нутаг буцсан бол Коста Рика, Чили, Колумб зэрэг латин америкийн орнууд энэ удаагийн дэлхийн аваргын гол сенсаци болж байлаа.
Тэгвэл хасагдах шатны найман тоглолт ихэнх хөгжөөн дэмжигчдийн таамаглаж байсантай таарч Бразил, Герман, Голланд, Аргентин зэрэг дээгүүр өрсөлдөх магадлалтай багууд нь өрсөлдөгчөө буулган авч шалгараад байна.
1. Бразил vs Колумб - Долдугаар сарын 05-ны 04.00 цагаас
Зохион байгуулагч орны шигшээ баг хэсгийн тоглолтуудад ч тэр хасагдах шатны Чилитэй хийсэн тоглолтод ч тэр төдийлөн гялалзаж, гялтагнаад байх зүйлгүй байв. Хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээсэн тоглолтыг гаргаж чадахгүй байгаа хэдий ч тэд хэсгээсээ шалгарсан улмаар шөвгийн наймд Колумбийн шигшээтэй нүүр тулан өрсөлдөхөөр шалгараад байна.
Зохион байгуулагч орон, дэлхийн таван удаагийн аварга гээд тэдэнд хожигдож болохгүй олон шалтгаан байгаа. Чилийн шигшээг эцсийн мөчид торгуулийн цохилтоор буулгаж авсан бразилчуудын хувьд энэ удаагийн учраа нь ид цоорч гарч ирсэн Колумбийн шигшээ билээ. Хэдийгээр Фалкаог гэмтлийн улмаас алдаад байсан ч залуу довтлогч Хамес Родригес нь энэ дэлхийн аваргад таван гоол оруулчихсан, мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа. Тиймээс Бразилийн хамгаалагчид Хамесийг хэрхэн яаж зогсоохоос шөвгийн дөрөвт шалгарах эсэхээ шийднэ.
Хамес Родригесийн гялалзсан цохилтууд Луис Суаресийн хариуцлагагүй байдлаас болж тун хүнд байдалд ороод байсан Уругвайн шигшээгийн энэ цаг үеийн хүчирхэг түүхийг зогсоосон билээ.
Месси, Неймар, Мюллер гэсэн дөрвөн гоолтой супер оддыг ардаа орхисон залуугийн тухай өнөөдөр дэлхий дахин шуугиж байгаа.
Колумбийн од Радамель Фалкаог бэртлийн улмаас дэлхийн аваргыг өнжихөд харамсаж байсан колумбчууд өнөөдөр түүнээс ч илүү гялалзах шинэ одтой болж түүхэндээ анх удаа шөвгийн наймд үлдсэн баяраа тэмдэглэж байна.
Хамесийн хоёр гоолын ачаар Колумбийн шигшээ дэлхийн аваргад ирснээсээ хойшхи дөрөв дэх хожлоо дараалан авсан. Ер нь бүх учраагаа ядах юмгүй хожиж байгаа бараг цорын ганц баг. Грекийг 3:0, Кот Дивуарыг 2:1, Японыг 4:1, Уругвайг 2:0-ээр хожиж өрсөлдөгчийнхөө хаалганд 11 гоол оруулж, хаалгандаа хоёрхон бөмбөг алдсан лут үзүүлэлттэй. Тиймээс тэднийг Бразилийн шигшээг буулгаж авчихаад шөвгийн дөрөвт Франц Германы хэн хожсонтой тулахаар хүлээж байхыг байг гэх газар алга байна.
Франц vs Герман - Долдугаар сарын 05-ны 00.00 цагаас
Гурван удаагийн дэлхийн аварга Германы шигшээ баг дэлхийн аварга бүрт хүчирхэг шигшээг бүрдүүлэн илгээдэг. Энэ удаа ч бүх зүйл нь сүлэлдсэн яах аргагүй түрүүлэх багуудын эрэмбэд орох баг ирсэн, үүнийгээ ч батлаад байна. Хэсгийн тоглолтод нэг ч хожигдолгүй хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарсан тэднийг Африк тивийн төлөөлөл Алжирын шигшээ баг хүлээж байсан.
Алжирчууд маш сайн өрсөлдсөн ч боломжоо ашиглаж чадалгүй германчуудад хожигдохыг бид харсан. Ингэснээр Германы шигшээ баг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болоход ердөө гурван тоглолтын өмнө ирээд байна.Тэдний одоогийн өрсөлдөгч нь домогт Зиданы нутаг нэгтнүүд. Гурван өнгөтнүүд энэ удаагийн дэлхийн аваргад Эквадортой гоолгүй тэнцсэнийг эс тооцвол хангалттай сайн тоглолт үзүүлсээр хасагдах шатанд шалгарсан.
Улмаар Нигерийн багийн 2:0-ээр тун ядах юмгүй буулгаж авсан. Хэдийгээр шилдэг довтлогч Фрэнк Рибери нь энэ удаагийн ДАШТ-ийг өнжиж байгаа ч Францын шигшээ баг хүчирхэг байна. 1998 онд Зиданаар ахлуулсан шигшээ баг нь дэлхийн аваргад нутагтаа түрүүлснээс хойш одоо л зүй ёсоор аваргалах багийн нэгт тооцогдож байгаа юм. Гэвч хоёр багийн аль нэг нь л тэмцээнийг үргэлжлүүлнэ, хэчнээн харамсалтай байвч аль нэг нь нутаг буцна. Шөвгийн наймд хоорондоо таарсан Франц, Германы шигшээ багийн тоглолт энэ дэлхийн аваргын хамгийн үзүүштэй сэтгэл догдлуулсан торгон мөчүүдээр дүүрэн байх нь дамжиггүй юмаа.
Нидерланд vs Коста Рика Долдугаар сарын 06-ны 04.00 цагаас
Довтолгооны хүчирхэг бүрэлдэхүүнтэй хэдий ч хамгаалалтын сул талууд ихтэй хэмээх сайн муу хоёр талтай тоглолт үзүүлдэг нисдэг голландчууд дасгалжуулагч Луи Ван Гаалын удирдлага дор энэ удаагийн дэлхийн аваргад түрүүлэхийн төлөө л тоглож байгаа.
Хэсгийн тоглолтын хамгийн том сенсацийг тарьж хүчирхэг Испанийн багийг олон онооны зөрүүгээр бутниргэснээр 2008 оноос хойш босоо явсан "ялагдашгүй Армада" өөдөлсөнгүй нутаг буцсан билээ. Хэсгийн тоглолтод бүх өрсөлдөгчөө ядах юмгүй буулган авсан нисдэг голландчууд дэлхийн аваргын цомоос гурван удаа атгаад алдсан түүхтэй. Тиймээс энэ амжилтаа бататгах цаашлаад ахиулж алтан цомыг өргөх цорын ганц чин хүсэлтэй байгаа нь тодорхой.
Гэсэн хэдий ч шөвгийн 16-д Мексикийн шигшээтэй хийсэн тоглолтод голландчууд сул талаа хэтэрхий их харуулсан. Үнэндээ хамгаалалтын сул талаасаа болж хожигдох шахсан Нидерландын шигшээ баг хуучин бууны хугархайнуудынхаа ачаар л нэг юм Мексикийг буулгаж авсан юм. Супер довтлогч Робин ван Перси ч юу ч хийж чадалгүй талбайг орхиход Луи Ван Гаалын тактик, Арьен Роббены цуцашгүй хөдөлмөр л эцсийн мөчид Голландыг дараагийн шатанд үлдээсэн.
Одоо тэд үхлийн хэсгээс нэгээр шалгарч энэ дэлхийн аваргын хамгийн том дуулианыг тариад буй Коста Рикатай тулна. Мөн л латин америкийн довтолгооны хурц тактиктай, эцэж цуцашгүй тоглолт үзүүлдэг учир Мексик Голландын тоглолтын дүр зураг бидэнд дахин харагдаж магадгүй. Голландын сул талыг ч хангалттай сайн судлаж байгаа нь тодорхой тул Коста Рикачууд энэ тоглолтын ялагчаар тодорж шөвгийн дөрөвт шалгарахыг байг гэх газаргүй.
Гэсэн хэдий ч Луи ван Гаал багийнхаа сул талыг нөхсөн тактиктайгаар тоглогчдоо талбайд гаргах нь ойлгомжтой. Хэрвээ голландчууд хожиж чадвал тэдний дараагийн учраа Аргентин болон Бельгийн шигшээгийн аль ялсан нь байх болно.
Аргентин vs Бельги Долдугаар сарын 06-ны 00.00 цагаас
Хасагдах шатанд энэ хоёр баг болох ёстой юм болдгоороо болж буйг харуулсан. Ихэнх хөлбөмбөг сонирхогчид энэ хоёр багийг өрсөлдөгчдөө буулгаж авна хэмээн үзэж байгаа нь Олон улсын хөлбөмбөгийн холбооны албан ёсны вэбсайт болон алдарт Жозе Моуриньогийн хөтлөж буй www.yahoo.com вэбсайт дээрх хөлбөмбөгийн булангийн санал асуулгаас харагдаж байв. Аргентины шигшээ баг 1978, 1986 онд дэлхийн аварга болж байсан. Гурав дахь удаагаа аваргалах үүрэг яах аргагүй энэ цаг үеийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессид ирсэн. Тиймээс Аргентины шигшээ баг хожигдох эрхгүй байгаа. Тэд ч үүрэг хариуцлагаа ухамсарласаар хэсгийн тоглолтод нэг ч бүдрэлгүй хасагдах шатанд шалгарсан. Өнгөрсөн шөнө Швейцарийн хүчирхэг багтай тулгарсан аргентинчууд нэмэлт цагийн төгсгөлд Анхель ди Мариягийн гоолоор өрсөлдөгчөө буулган авсан. Мессиг хамгаалаад хөдөлгөхгүй бол цаана нь ч бас түүнээс дутахгүй гайхалтай тоглогчид бий гэдгийг тэд харуулсан юм. Гэхдээ Бразилийн шигшээгийн адил хөгжөөн дэмжигчдийнхээ санаанд төдийлөн хүрэхгүй тоглолт үзүүлж байгаа нь маргашгүй үнэн юм.
Хэдийгээр нэг ч хожигдоогүй байгаа ч. Энэ нь Швейцарийн шигшээтэй хийсэн тоглолтод илт харагдсан. Тиймээс түүхийг гайхамшгаар бичихээр энэ удаагийн дэлхийн аваргад ирсэн Бельгийн шигшээд бүдэрч ч магад.
Бельгичүүдийн хувьд өнгөрсөн шөнө АНУ-ын шигшээг 2:1-ээр буулган авч шөвгийн наймд үлдээд буй. Хэсгийн тоглолтод Алжирыг 2:1-ээр, ОХУ-ыг 1:0-ээр, Өмнөд Солонгосыг 1:0-ээр тус тус хожсон бельгичүүдийг магадгүй дараагийн "Испани" болно хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа. Тиймээс дэлхийн аваргын шөвгийн наймын тулааныг үзүүштэй болгох тулаан яах аргагүй Бельги, Аргентины шигшээгийн хооронд гарах нь гарцаагүй.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ