Бразил явсан төлөөлөгчдийн зардлыг төлөх эсэхийг өнөөдөр шийдэх бололтой

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан долдугаар сарын 4-ний өдөр болохоор тов гарчээ. Хуралдаанаар Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах, Бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах зэрэг томоохон асуудлыг хэлэлцэх юм байна. Хуралдаан болох гэж байгаатай холбогдуулан Нийслэлийн ИТХ дахь намын бүлгүүд хуралддаг. Үүний дагуу ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөө орой хуралдахаар цаг товолжээ. Харин бүлгийн хурлаар хэлэлцэх гол асуудал нь нийслэлийн бүтцийн өөрчлөлтөөс гадна өнгөрсөн сард Бразил улсруу томилолтоор явсан төлөөлөгч нарын асуудал яригдах бололтой.
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулгын гаргасан тогтоолоор 16 төлөөлөгч, албаны 2 хүн гээд нийт 18 хүн томилолтоор явах байсан ч олон нийтийн эсэргүүцлээс шалтгаалан 9 төлөөлөгч томилолтоор яваагүй гэдэг. УИХ-ын дарга З.Энхболд “төлөөлөгчид зардлаа өөрсдөө төл” гэж үүрэгдсэн бол Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “бүх зүйл миний алдаа, хариуцлагыг би үүрнэ” гэж амлалт өгсөн. Тэгэхээр Д.Баттулга дарга хэлсэн амандаа хүрч хариуцлагаа өөрөө хүлээх үү эсвэл тогтоолын дагуу явсан төлөөлөгч нар хариуцлага хүлээх үү гэдэг нь өнөөдрийн хурлаар тодорхой болох нь. Энэ асуудлаас болж Нийслэлийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг дотроо хагаралдаж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ