Ц.Мөнхбаяр нарын өмгөөлөгч зодуулж, эмнэлэгт хүргэгджээ

Өнгөрсөн долоо хоногт Гал Үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох шүүх хурал Улсын дээд шүүхэд болсон. Энэ удаагийн хуралд тэдний өмгөөлөгч Энхбаяр оролцоогүй. Өмгөөлөгч Энхбаярын оролцоогүй шалтгаан нь гадны нөлөөтэй байсан гэж тус холбооноос мэдээлэл хийлээ.

Өмгөөлөгч Энхбаяр Ц.Мөнхбаяр нарыг эрүүгийн хэрэгт татагдсан цагаас эхлэн өмгөөлөл үзүүлж байжээ. Бусад өмгөөлөгчдөө ахлан анхан болон давж заалдах шатны шүүх хурлуудад биечлэн оролцож байсан байна. Харин Улсын дээд шүүхийн хуралдаан болохынөмнөх өдөр халдлагад өртөж, бэртэл аван эмнэлэгт хүргэгджээ.

Түүний халдлагад өртсөн нь гадны нөлөөтэй буюу шүүх хуралдаанд оролцуулахгүй гэж албаар зохион байгуулсан хэрэг гэж тус холбооныхон үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Гал үндэстэн холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг улстөрийн зохион байгуулалттайгаар ялласан.

Тэгэхээр өмгөөлөгчийг нь ч гэсэн улстөрийн зохион байгуулалттайгаар хуралдаанд оролцуулахгүйн тулд ийнхүү биед нь халдлаа гэж үзжээ. Өмгөөлөгч Ц.Энхбаяр Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зодуулсан хэргийг нь тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ

Ц.Мөнхбаяр нь эх орныхоо аюулгүй байдлын төлөө тууштай тэмцэгч байсан. Гэтэл эх оронч хүнээ ийнхүү гурван шатны шүүхээс гэм буруутайд тооцсонд гомдолтой байна гэж тус холбооныхон Олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдээд байгаа юм.

Мөн энэ удаагийн хуралд өмгөөлөгчөөс нь гадна Ц.Мөнхбаяр нарын ар гэрийнхнийг, иргэний хөдөлгөөний төлөөллүүдийг оролцуулаагүйд гомдолтой байна гэж холбооныхон мэдэгдэж байна.

Б.Золбоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ