Хаяхгүй байвал зохих хүнсний ашиг тустай хаягдал

Хэрвээ та жимс жимсгэнэ, ногооны хальсыг хүнсэндээ хэрэглэхээр шийдсэн бол, хальс экологийн хувьд цэвэр эсэхийг мэдэх нь чухал, учир нь пестицид нь доторх зөөлөн эдэд биш, харин гадна талын хальсанд илүүтэй хуримтлагддаг юм.

Ногоо, жимс жимсгэнийг боловсруулах явцад хатуу (хальс, үр, г.м.) болон шингэн (шүүс, ус) гэсэн хоёр төрлийн хаягдал гардаг. Энэ нь эрүүл мэндэд тустай бөгөөд зарим архаг өвчин тусахаас сэргийлж, антиоксидантын хямд эх сурвалж болж болох юм.

1. Төмс, луувангийн хальс
Хэрвээ төмс, лууванг хальстай нь хэрэглэвэл, эдгээрийн тэжээлт бодисын олонхи, жишээ нь С аминдэм болон кали нь хадгалагдаж үлддэг байна. Хальсанд бас асар их хэмжээний эслэг байдаг. Бараг бүх жоронд лууван, төмсийг хальстай нь хэрэглэж болно.
2. Цэцгэн толгойт байцааны (брокколи) навч, иш
Энэ супер бүтээгдэхүүний баг цэцэг, навч, иш нь антиоксидант болон эслэгээр их, гэвч харамсалтай нь хогийн саванд орох нь олонтоо байдаг. Дээр нь цэцэг, навч, иш нь каротиноид гэдэг бодис болон А, С аминдэмийн маш сайн эх сурвалж юм. Цэцэг, навч, ишийг салатанд нэмж, түүхийгээр нь хэрэглэж болно. Ишэнд нэлээд их хэмжээний эслэг агуулагддаг байна.
3. Амтат гуаны хальс
Амтат гуаны хальсанд цитруллин (цусны эргэлтийг сайжруулахад тус үзүүлдэг амин хүчил) гэдэг бодис ихээр агнуулдаг. Хальсыг зөөлөн эдийн хамт блендерт хольвол, амттай, антиоксидантаар баялаг коктейль гаргаж авна.
4. Сонгины хальс
Энэ хальс цусны даралтыг бууруулж, артерийн судас бөглөрөхөд саад хийдэг кверцетин гэдэг бодисоор баялаг юм. Үүнээс гадна, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй бөгөөд тиймээс өвсний чичрэг өвчинтэй хүмүүст ашиг тустай байж болно.
5. Хан боргоцойн гол
Энэ нь илүү хатуу бөгөөд зөөлөн эд шигээ яг тийм амттай биш. Гэвч голд нь их тэжээллэг бодис агуулагддаг байна. Хан боргоцойн гол нь бага зэргийн хатуу, түүний бусад хэсгийг бодвол, тийм чихэрлэг биш. Голыг түүхийгээр нь идсэнээр та энэ жимсний бүх тэжээллэг бодисыг авах болно.
6. Нимбэг болон амтат жүржний хальс
Эдгээр нимбэглэг жимсний хальс нь эслэг, флавоноид бодис болон аминдэмүүдийн жинхэнэ агуулах юм. Албан ёсны бус тоо баримтаар, нимбэг, амтат жүржний хальсан агуулагддаг химийн идэвхитэй бодис (D-лемонен) нь цээж хорсох, хоол үл шингэхийг хөнгөвчлөхөд тус болдог байна. С аминдэмийн агууламж сайн байдаг нь дархлааны тогтолцоог сайжруулж, амьсгалын замын халдвар авахаас сэргийлэхэд тусладаг. Үүнээс гадна, хальсны хандыг бактерийн эсрэг чийгшүүлэгч, хорхой шавжьны эсрэг хэрэгсэл, тэр ч байтугай тос цэвэрлэх гал зуухны хэрэгсэл болгон хэрэглэж болно. Шүд цайруулахад хальсыг бас хэрэглэдэг. Хальсны дорхи цагаан үе дэх пектин, эслэг нь хоол идэх дуршлыг багасгаж, өлсөх мэдрэмжийг 4 цаг хүртэл хугацаагаар дарахад туслаж чадна.
7. Цоохор майлзын навч
Ишийгээ бодвол тав дахин их магни, кальци агуулдагийн зэрэгцээ цоохор майлзын навч нь бас С аминдэм болон хорт хавдар, зүрхний өвчин, түүнчилэн хөгширөлттэй тэмцэхэд тусладаг хүчтэй антиоксидант болох фенол гэдэг бодисоор баялаг юм.
8. Ягаан манжингийн иш
Глютамин, антиоксидант болон фенолын нэгдлээр баялаг. Навчны адил ишийг нь бас идэж болно. Хэрээн нүдний адил навчийг ууранд жигнэн хэрэглэж болно.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ