Эх түүх рүү маань улайран довтолсоор байна

Манай цэнхэр гаригт эртний хүчирхэг түүхийн улбаа, өв соёлоороо бахархан омогшиж дэлхийд гайхуулдаг олон үндэстэн бий. Тэгвэл монголчууд өнөөг хүртэл хүн төрөлхтөний түүхийн гол дүр болсон Европын гүрнүүд, Арабын үндэстнүүд, Хятад, Япон, Энэтхэгээс ч илүү агуу бахархамт түүхийн эзэд, хосгүй үндэстэн билээ.
Тэгэвч энэ бахархлыг маань шинэ мянганы эхлэл дээр эргэн тойрны улс үндэстнүүд өөрийн болгон хувьчилж, бүдүүлгээр халдан довтолж байхад бид юу ч болоогүй мэт харсаар сууна.
С.Бодровын "Чингис" гарснаас хойш оросууд түүхэн үнэн рүү эрээ цээргүй довтолж бүр сүүлдээ Алтан ордны улс байгаагүй мэтээр өгүүлэл, эрдмийн бүтээлүүд нийтлэх болсон. Мөн монголчуудын байлдан дагуулал гэж хэзээ ч байгаагүй үлгэр домог мэтээр бичиж хойч үедээ ойлгуулж байна. Түүхэндээ монголчуудаас өөр ямар ч үндэстэнд олон зуун жил дарлуулж боолын боол, босгоны шороо болж байгаагүй оросууд одоо төгс төгөлдөр дайнч гүрэн болохын тулд түүхээ хүртэл эргэн засварлахыг хүсдэг болсон нь энэ. Үүнд Украины саваагүй эрдэмтдийн санаандгүй гэхээс санаатай бөгөөд ямар ч монгол хүний уур бухимдал төрүүлэхүйц өгүүллүүд Орос, Украины хэвлэлүүдэд удаа дараа гарч байсныг мөн дурдаж болно.
Тэгвэл наашлаад Казакстанд мөн л адил түүхэн хэмээгдэх элдэв кино, өгүүлэл ном зохиолоор тархи угааж түүнийгээ бүр зарлан тунхаглаж байна. Бодит түүхэнд Зүүнгарын хаант улсын хаад Галдан бошигтоос эхлүүлээд удаа дараа уулгалан довтолж, түрэмгийлж байсан нь одоогийн хөгжил цэцэглэлтэд нь хар толбо болох гээд байгаа тул тэд ийм зүйлийг санаатайгаар хийж эхэлжээ. Ийм зүйл гэдэг нь Чингис хаан бол казакуудын үр удам бөгөөд Их Монгол улс бол казакуудын улс, түрэг гаралтай нүүдэлчин аймгуудын үр дүнд л ийм агуу түүх бий болсон хэмээх гүтгэлгүүд юм.
Чингис нэртэй зоосон мөнгө гаргасан, дээрх худал түүхийг үнэн мэт харагдуулах олон зүйл хийж бүтээж босгож байгаа гэдгийг төсөөлөхөд ч хэцүү.
Түүхийн сурвалж бичгүүд, үнэт олдворууд бүхий л зүйлийг үгүйсгэж Чингисийг казак хүн гэх тэд бүр кино хүртэл хийсэн. Халдан довтолсон Зүүнгарын хаант улсын эсрэг баатарлагаар тэмцэж асар их хүчийг багахан хүчээр бутцохин ялан дийлж байгаа тухай өгүүлсэн түүхэн кино бүтээж түүндээ эргүү тэнэг монгол жанждын дүрд монгол жүжигчдийг урьж тоглуулсан байдаг.
Манай жүжигчид ч яахав түүх соёлыг нь яаж ч доромжилж байсан мөнгө л харагдвал гүйж очоод тоглох улс. Харин эрдэмтэд түүхчид, цаашлаад энэ талаар дуугарах, хариуг нь өгөх хууль ёсны эрх бүхий байгууллагууд мэдсэн ч мэдээгүй мэт.
Урд хөршийн хувьд хэзээнээс л эргэн тойрны улс үндэстнүүдээ түүх соёлоор нь өөртөө уусгах бусдын түүхийг үгүйсгэж өөрсдийнхөөрөө залруулан бичих бодлоготой улс. Тэднийг хэзээнээс нааш монголчууд мэднэ.
Монголчуудын түүхийг бүдгэрүүлэх гэсэн хятадуудын олон зуун жилийн санаархлыг энэ удаад дурдалгүй орхиж Орос, казакуудаас дутуугүй сүүлийн үед эх түүх рүү маань довтолч буй хангүгчүүдийн тухай өгүүлье.
Өнгөрсөн онд Солонгосын MBC телевизийн олон ангит "Impress Qi" нэртэй кино бүтээснийг яг энэ цаг мөчид монголчууд үзэж харж буй байхаа. Хэдийгээр үйл явдал, зохиомж дүрүүдийг зохиомлоор гаргасан гэх боловч Монгол Улсын түүхийг мөн л халдан дарангуйлсан бүтээл болжээ.
Их Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр болон түүний олон хатдын нэг солонгос гаралтай Ки хатны тухай энэ кинонд өгүүлэх ба монголчуудыг ухаан мөхөс, Тогоонтөмөр хааныг хэтэрхий арчаагүй эм хүн мэт сулбагар, аймхай сул дорой байдлаар харуулж, түүний жанжид, түшмэдийг хамгийн болхи мулгуугаар дүрсэлсэн. Эсрэгээр нь Юань гүрнийг ухаан төгөлдөр солонгос хатан л удирдан залж хөгжүүлж байсан хэмээн үзүүлжээ.
Уран сайхны бүтээл боловч мөн л түүхийн үнэнг дайрч давшилсан, гутаасан нь харамсмаар.
Үүгээр ч зогсохгүй Өмнөд Солонгос өөрийн түүхэн газрын зургийг шинээр зурж эхэлжээ. Өмнөд солонгосчууд бол зүүн Азийн жижигхэн хойгийн хоёр хуваагдсан ард түмний нэг. Харин тэдний шинээр бичиж буй түүхийг уншвал, Солонгосын түүхэн газрын зурагт Өмнөд, Хойд Солонгос төдийгүй Төв Ази, Монгол, умардын ой хөвчит Сибирь хүртэл багтжээ.
Дээрх түүхэн газрын зураг нь одоогоос 100 гаруй жилийн өмнө амьдарч байсан солонгосын үндсэрхэг үзэлтэн Ки Ён со гэгч хүний бичсэн “Хвандангоги” хэмээх номонд үндэслэсэн ажээ. “Хвандангоги” 1911 онд бичигджээ. Хожим, 1979 онд Ли Ю либ гэдэг хүн энэ номыг дахин хэвлүүлсэн байна. Тэр цагаас хойш Өмнөд Солонгост энэ номонд бичигдсэн түүхийг батлах гэсэн олон тооны санаа, ном, өгүүлэл тасралтгүй гарах болжээ.
Мөн энд бүх юмыг Солонгосоос үүсэлтэй болгон харуулах хэнээрхэл ч бий. Гэвч хачирхалтай нь, сүүлийн үед өмнөд солонгосчууд “Хвандангоги”-д улам ихээр итгэх болсон гэнэ. Өмнөд Солонгост дээрх агуу эзэнт гүрнүүд оршин байсан эсэхийг батлахаар их хэмжээний хөрөнгө хүч гаргаж, эрдэмтэд нь судалгаа хийж байна. Үүний үр дүн ч аль хэдийн гарч эхэлсэн гэнэ. Солонгосын эрдэмтэд Гожосеон улс оршин тогтнож байсан гэдгийг булш малталтаар баталсан гэдгээ зарласан ба одоо Гожосеон улсын түүх дунд суруулийн сурах бичигт албан ёсоор бичигдэх болжээ.
Шинжлэх ухааны судалгаанаас гадна, үндсэрхэг үзэлт өмнөд солонгосчууд тэдэнд агуу үлгэр, домог байх хэрэгтэй хэмээн үзэж эртний түүхийн өлгий монголчуудын бахархал руу соёлын хүчирхэг зэвсгээр довтолж эхлээд байна.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ