АТГ-аас томоохон хэргүүдийн талаар мэдээлэл хийлээ

АТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус газар шалгагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлсэн юм.

Л.ГАНСҮХ НАРЫГ 3,6 ТЭРБУМ ТӨГРӨГ ШАМШИГДУУЛСАН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох асуудлаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлжээ. Л.Гансүхийг уг хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3,6 тэрбум төгрөгийн хохиролын асуудал яригдаж байгаа аж. Тодруулбал нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай холбоотойгоор төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг үйл ажиллагаанд нь Л.Гансүх гэгчийг УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаанд нь туслахаар нь ажиллаж байсан хүмүүс, өөрийнх нь эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд зэрэг ах дүү төрөл садны болон бусад хамаарал бүхий этгээдүүд оролцсон байж болзошгүй юм байна. Шалгалт үргэлжилж байгаа аж.

А.САРАНЗАЯАГ 2,2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ГҮЙЛГЭЭ ХУУЛЬ БУСААР ХИЙСЭН ХЭРЭГТ БУРУУТГАН ШАЛГАЖ БАЙНА

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяа гэгчид холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Тодруулбал түүнийг уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа юм.

Ё.ОТГОНБАЯРЫН ХЭРЭГТ ХОЁР ХҮНИЙГ СЭЖИГТНЭЭР ТАТЖЭЭ

УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг Багшийн хөгжлийн ордны барилгын асуудал, БСШУ-ны яамны барилга захиалагчийн албанаас явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ хэргийг мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байгаа бөгөөд уг хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм байна.

ТАВАНТОЛГОЙ КОМПАНИЙН ЗАХИРАЛ АСАН Х.ТҮМЭНБАЯР ХУВИЙН КОЛОНКООРОО ШАТАХУУН ТҮГЭЭЖ БАЙЖЭЭ

Тавантолгой компанийн захирал асан Х.Түмэнбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хараахан дуусаагүй байгааг хэллээ. Тодруулбал тэрбээр Тавантолгой компанийн захиралаар ажиллаж байх үедээ уг компанийн хөрс хуулалтын ажил явуулж байсан бусад аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслүүдэд компанийнхаа талбай дээр суурилуулсан өөрийнхөө хувийн колонкоор дамжуулж шатахуун түгээж байсан аж. Мөн энэ аргаараа тодорхой байгууллага, аж ахуй нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлаар шалгалт үргэлжилж байгааг хэлсэн юм.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМНЫ САЙД Н.БАТБАЯРЫГ СЭЖИГТНЭЭР ТАТААГҮЙ ГЭВ

Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан аж. Ингээд нэмээд 46,3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрчээ. Энэ нь хууль тогтоомжид бүрэн гүйцэд нийцэхгүй, сэжиг бүхий асуудал байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй гэв.

ГУДАМЖ ТӨСЛИЙН ХӨРӨНГӨНӨӨС 470 САЯ ТӨГРӨГӨӨР МАШИН АВЧЭЭ

Гудамж төсөлтэй холбоотой асуудалд мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал Гудамж төсөлд зориулагдсан хөрөнгөнөөс төсвийн урсгал зардалдзарцуулахгүй байх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийг эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр нь зарцуулах ёстой байтал урсгал засварт нэлээд хэмжээний мөнгө зарцуулсан байна. мөн Гудамж төслийнхөө нэгжээс 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авсан байдаг аж. Энэ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Самурай бондын хөрөнгөөс 50 гаран сая доллар шилжүүлж, гүйлгээ хийгдсэн асуудлыг шалгаж байгаа гэлээ.

ИНЕГ-ЫН УДИРДЛАГУУДАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛЭХЭЭР ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх тэргүүтэй хэд хэдэн хүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн. Харин өнөөдрийн мэдээллээр тэдний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн гэдгээ мэдэгдлээ. С.Батмөнх нар өөрийн байгууллагад харьяалалгүй олон хүнд 14 тэрбум төгрөгийн орон сууц, орон сууцны дэмжлэг үзүүлсэн, гадаад томилолтын зардлыг даасан зэрэг хэд хэдэн хууль бус үйлдэлд холбогдоод буй юм. Тэдний мөнгө санхүүтэй холбоотой хэргийг шалгаж буй бол Өмнөговь аймгийн нисэх буудлын хөөрөх, буух зурвас шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ.

С.БИЛЭГСАЙХАНЫ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖЭЭ

АТГ-аас МИАТ ХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга асан С.Билэгсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокурор хянаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Түүнийг МИАТ компанийг төлөөлж, БНСУ-ын “Se You” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, хууль бусаар гэрээ байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын компанитай гэрээ байгуулахад оролцсон МИАТ-ийн удирдах төвшний бусад ажилтнууд, хэлтсийн дарга нарыг ч мөн тус газраас шалгаж байсан юм.


УИХ-ЫН ГИШҮҮДИЙН БҮРЭН ЭРХ СААД БОЛЖ БАЙНА ГЭВ

УИХ-ын гишүүн өөрөө үйл ажиллагаа яюуулах бүрэн эрхийнхээ хугацаанд халдашгүй бүрэн эрхтэй байдаг. Тиймээс АТГ-аас одоогийн байдлаар УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй холбоотойгоорхэргийг эцэслэн шүүхээр шийдүүлж чадсан тохиолдол гараагүй байгаа аж. АТГ-аас зарим УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр өмнө нь УИХ-д хандаж байсан ч харамсалтай нь бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргаж байгаагүй учраас УИХ-ын гишүүдэд холбогдох хэргүүдийг тухайн үед нь шийдүүлж чадаагүй талаараа мөн өнөөдөр мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ