Э.Амарбат: Ерөнхий сайдын охиныг 2.2 тэрбумын хэрэгт шалгаж байна

АТГ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Ерөнхий сайдын туслах Л.Гансүхийг шалгаж байсан. Хэргийн мөрдөн байцаалт ямар шатандаа явна вэ?
-Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох асуудлаар АТГ эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлсэн. Л.Гансүхийг сэжигтнээр тооцсон бөгөөд Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3,6 тэрбум төгрөгийн хохиролын асуудал яригдаж байгаа. Тодруулбал нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай холбоотойгоор төсвийн хөрөнгийг завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Уг үйл ажиллагаанд нь Л.Гансүх гэгчийг УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайдаар ажиллаж байх хугацаанд нь туслахаар нь ажиллаж байсан хүмүүс, өөрийнх нь эхнэрийн төрсөн дүүгийн хүүхэд зэрэг ах дүү төрөл садны болон бусад хамаарал бүхий этгээдүүд оролцсон байж болзошгүй юм байна. Шалгалт үргэлжилж байна.
-Мөн Ерөнхий сайдын охин А.Саранзаяагийн хэрэг юу болж байна?
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Түүнийг “Цэвэр агаар” сантай холбоотой хэргийг шалгах явцад уг сангийн бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслээд, зохих журмын дагуу хяналт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2,2 тэрбум төгрөгийн гүйлгээг хийхийг зөвшөөрсөн асуудалд холбогдуулан шалгаж байгаа
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хэрэг нэлээн удаан шалгагдаж байна?
-УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаярыг Багшийн хөгжлийн ордны барилгын асуудал, БСШУ-ны яамны барилга захиалагчийн албанаас явуулсан үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй байна. Уг хэрэгт хоёр хүнийг сэжигтнээр тооцон шалгаж байгаа.
-Тавантолгой компанийн захирал асан Х.Түмэнбаярыг яг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?
-Тавантолгой компанийн захирал асан Х.Түмэнбаярт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа хараахан дуусаагүй байгаа. Түүнийг Тавантолгой компанийн захирлаар ажиллаж байх үедээ уг компанийн хөрс хуулалтын ажил явуулж байсан бусад аж ахуй нэгжийн тээврийн хэрэгслүүдэд компанийнхаа талбай дээр суурилуулсан өөрийнхөө хувийн колонкоор дамжуулж шатахуун түгээж байсан хэрэгт шалгаж байна. Мөн энэ аргаараа тодорхой байгууллага, аж ахуй нэгжүүдэд их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудлаар шалгалт үргэлжилж байна.
-Эдийн засгийн хөгжлийн яамны сайд, УИХ-ын гишүүн Н.Батбаярыг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл байна?
-Эдийн засгийн хөгжлийн яам, Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын гүйцэтгэл нь нийт 38 орчим хувьтай байхад, уг газарт шинээр зам тавих гэж байна хэмээн засгийн газарт ойлгуулж, шинээр тогтоол оруулж батлуулсан. Ингээд нэмээд 46,3 тэрбум төгрөг гаргуулж аваад “Монроуд” гэдэг компанид шууд шилжүүлэн өгсөн байна. Мөн Зам-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт 8,7 км хатуу хучилттай замын ажил гүйцэтгэхээр өмнө нь техник эдийн засгийн үнэлгээ хийгдэж байсан юм байна. 20 тэрбум төгрөгөөр ажлыг гүйцэтгэх боломжтой байна гэсэн үнэлгээ гарсан байхад түрүүчийн Халзан бүргэдээс Солонготын даваа чиглэлийн замын асуудлыг шийдсэн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг давхар оруулж, 20 тэрбумын ТЭЗҮ-тэй замын ажлыг 33 тэрбум хэмээн хөрөнгийг нь батлуулж, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжид санхүүжилтийг нь шууд шилжүүлсэн нь илэрсэн. Энэ нь хууль тогтоомжид бүрэн гүйцэд нийцэхгүй, сэжиг бүхий асуудал байгаа тул эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа. Энэ хэрэгт Эдийн засгийн хөгжлийн яамны сайд Н.Батбаярыг сэжигтнээр татаагүй.
-Гудамж төслийн захирлын мөн шалгаж байгаа юу?
-Гудамж төсөлтэй холбоотой асуудалд мөн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тодруулбал Гудамж төсөлд зориулагдсан хөрөнгөнөөс төсвийн урсгал зардалдзарцуулахгүй байх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөмж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Засгийн газрын үнэт цаасыг арилжаалах замаар бүрдүүлсэн хөрөнгийг эх үүсвэрийг гагцхүү хөрөнгө оруулалтын чиглэлээр нь зарцуулах ёстой байтал урсгал засварт нэлээд хэмжээний мөнгө зарцуулсан байна. Мөн Гудамж төслийнхөө нэгжээс 470 гаруй сая төгрөгөөр автомашин, бусад тоног төхөөрөмж худалдаж авсан байдаг. Энэ нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж байгаа. Түүнчлэн Самурай бондын хөрөнгөөс 50 гаран сая доллар шилжүүлж, гүйлгээ хийгдсэн асуудлыг шалгаж байна.
-ИНЕГ-ын удирдлагуудад холбогдох хэрэг аль шатандаа явж байна?
-Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх тэргүүтэй хэд хэдэн хүнийг албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж эхлээд нэлээд хугацаа өнгөрсөн. Харин өнөөдрийн мэдээллээр тэдний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн байгаа. С.Батмөнх нар өөрийн байгууллагад харьяалалгүй олон хүнд 14 тэрбум төгрөгийн орон сууц, орон сууцны дэмжлэг үзүүлсэн, гадаад томилолтын зардлыг даасан зэрэг хэд хэдэн хууль бус үйлдэлд холбогдоод байгаа.Тэдний мөнгө санхүүтэй холбоотой хэргийг шалгаж буй бол Өмнөговь аймгийн нисэх буудлын хөөрөх, буух зурвас шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.
-Энэ хэрэгт мөн С.Билэгсайханыг шалгаж байсан?
-АТГ-аас МИАТ ХК-ийн Бодлого, төлөвлөлтийн газрын дарга асан С.Билэгсайханд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлж байсан. Тэгвэл түүнд холбогдох хэргийг прокурор хянаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Түүнийг МИАТ компанийг төлөөлж, БНСУ-ын “Se You” компанийг ерөнхий борлуулагчаар сонгож, хууль бусаар гэрээ байгуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байна. Түүнчлэн Энэ хэрэгт холбогдуулан БНСУ-ын компанитай гэрээ байгуулахад оролцсон МИАТ-ийн удирдах төвшний бусад ажилтнууд, хэлтсийн дарга нарыг ч мөн тус газраас шалгаж байсан юм.
Б.Отгоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ