Өнөө шөнө дэлхийг доргиох тоглолт болно

Энэ шөнө Бразил улсад зохиогдож буй хөлбөмбөгийн дэлхийн аваргын 20 дахь удаагийн тэмцээний шөвгийн наймын эхний хоёр тоглолт болно. Энэ цаг үеийн шилдгийн шилдэг 32 улсаас шалгаран үлдсэн найман улсын шигшээ багийн тоглолтын салхийг хагалж 00.00 цагаас дэлхийн гурван удаагийн аварга Герман, дэлхийн аварга Францын багууд тоглох бол 04.00 цагаас дэлхийн таван удаагийн аварга Бразил болон энэ удаагийн ДАШТ-ий чимэг болж байгаа Колумбийн шигшээ багуудын тулаан болно.

1954, 1974, 1990 оны дэлхийн аварга Герман "машин" одоо дөрөв дэх удаагийн аваргын цомоо өргөх цаг нь ирсэн гэмээр хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Сүүлийн дэлхийн аварга болгонд түрүүлэх багуудын дотор хамгийн түрүүнд нэрлэгддэг Германы шигшээ баг Иохим Лёвын удирдлагаар гялалзсан тоглолт үзүүлэн шөвгийн наймд шалгараад байгаа.

Энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн өндөр формтой баг хэмээн нэрлэгдэж G хэсэгт багтсан германчууд хэсгийн эхний тоглолтод Португалийг 4:0-ээр бутниргэж замыг нь заасан бол Африкийн бразилчууд хэмээгдэх Гана улсын шигшээтэй 2:2-оор тэнцсэн. Хэсгийн сүүлийн тоглолтод Юрген Клинсманн дасгалжуулагчтай АНУ-ын шигшээ багийг 1:0-ээр хожиж 7 оноотой хэсгээсээ нэгээр шалгарсан юм. Хасагдах шатанд Алжирын шигшээтэй таарч төвөггүйхэн хожно хэмээж байсан ч хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээж байсан тоглолтыг төдийлөн гаргаж чадаагүй ч Шурле, Озел нарын гоолоор 2:1-ийн харьцаагаар ялалт байгуулсан билээ. Ингэснээр Германы шигшээ баг мөн л энэ удаагийн дэлхийн аваргын хамгийн өндөр формтой багуудын нэг болох Гурван өнгөтнүүдтэй шөвгийн наймд таараад байна.

Францын шигшээ баг 1998 онд нутагтаа зохион байгуулсан дэлхийн аваргад Бразилийг 3:0-ээр бутниргэснээс хойш энэ удаагийн дэлхийн аваргад л ёстой нэг түрүүлэхээс аргагүй гэгдэж байсан ч гол тоглогч Фрэнк Рибери, Самир Насри нар бэртлийн улмаас өнжихөөс аргагүй болсон. Гэсэн хэдий ч хэсгийн тоглолтод тэд бүдэрсэнгүй.

Гондурасыг 3:0, Швейцарийг 5:2-оор ялсан ч Эквадорын шигшээтэй гоолгүй тэнцэж 7 оноотой хэсгээ тэргүүлсэн юм. Харин хасагдах шатанд Нигерийн шигшээ багийг 2:0-ийн харьцаагаар буулган авсан. Ид ирэн дээрээ яваа Реал Мадридын супер од Карим Бензима болон Жиру, Погба, Вальбуенна залуус өнөө шөнө Германы хүчирхэг шигшээг буулган авснаар хагас шигшээд үлдэх юм.

Франц Германы тулаан эртнээс гайхалтай байж дэлхийг донсолгосоор ирсэн. Тэд бүх цаг үеийн турш хоорондоо 25 удаа таарч тоглосноос Францын шигшээ 11 удаа хожсон бол Германы шигшээ 8-д нь ялж 6 удаа тэд эвийн гэрээ байгуулсан түүхтэй. Энэхүү 25 тоглолтод нийт 83 гоол орсон нь тоглолт хэрхэн өрсөлдөөнтэй болдгийг харуулна. 83 гоолын 42-ыг нь германчууд, 41-ийг нь францчууд хийжээ.

Дээрх 25 тоглолтын гуравт нь тэд ДАШТ-ий дээгүүр тааран нарын тоглосон байдаг. Тухайлбал 1958 оны дэлхийн аваргад хүрэл медалийн төлөө тааран тоглож Францын шигшээ Германыг 6:3-аар буулган авч байлаа. Удаад нь 1982 оны дэлхийн аваргад энэ хоёр улс шөвгийн дөрөвт таарч тоглосон байдаг. Энэ тоглолтод нийт 15 гоол хаалганд орсон ба дэлхийн аваргын бүх цаг үеийн хамгийн гайхамшигтай 10 тоглолтын нэгээр нэрлэгдсэн түүхтэй. Үндсэн цагт хоёр баг 3:3-ын харьцаагаар тэнцсэн бөгөөд пенальт цохиж 5:4-өөр германчууд ялсан юм. Улмаар Францын шигшээ хүрэл медалийн төлөө Польшийн багт хожигдсон бол Германы шигшээ Италийн багт аваргын төлөө хожигдож мөнгөн медаль дээр бууж байлаа.

Үүнээс яг дараагийн дэлхийн аварга буюу 1986 оны дэлхийн аваргад мөн л шөвгийн дөрөвт учраа таарч Герман нь Францыг 2:0-ээр хөнгөхөн буулган авсан ба Францын шигшээ Бельгийг хожиж хүрэл медаль авсан бол Герман Аргентинд хожигдож мөн л мөнгөн медаль дээр буусан гайхалтай түүх тэдэнд бий.

Энэ удаагийн дэлхийн аваргад Францын шигшээ өрсөлдөгчийнхөө хаалганд 10 гоол оруулж хаалгандаа 2 гоол алдсан бол герман "машин" 9 гоол оруулж 3 гоол хаалгандаа алдаж тун багахан зөрүүгээр гурван өнгөтнүүдээс бага амжилттайд тооцогдож байна.

Европын хүчирхэг төлөөлө болсон энэ хоёр багийн аль хожсон нь латин америкийн хоёр улс болох Бразил Колумбийн шигшээтэй тоглоно.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ