Герман Францыг, Бразил Колумбийг буулган авлаа

Өнгөрсөн шөнө дэлхийн аваргын шөвгийн наймын эхний хоёр тоглолт болж хагас шигшээд тоглох багууд шалгарлаа. Тэр баг нь хожно гэж урьдчилан таамаглахад даанч хэцүү хоёр тоглолтод дэлхийн гурван удаагийн аварга Герман, 1998 оны дэлхийн аварга Францыг 1:0-ээр, дэлхийн таван удаагийн аварга зохион байгуулагч орон Бразил энэ удаагийн ДАШТ-ий хамгийн гоё чимэг болсон Колумбийн шигшээг 2:1-ээр хожсоноор хагас шигшээд үлдэх эрхээ авлаа.
Герман 1:0 Франц
1954, 1974, 1990 оны дэлхийн аварга Герман "машин" одоо дөрөв дэх удаагийн аваргын цомоо өргөх цаг нь ирсэн гэмээр хүчирхэг бүрэлдэхүүнтэй. Сүүлийн дэлхийн аварга болгонд түрүүлэх багуудын дотор хамгийн түрүүнд нэрлэгддэг Германы шигшээ баг Иохим Лёвын удирдлагаар гялалзсан тоглолт үзүүлэн шөвгийн наймд шалгараад байсан.
Франц Германы тулаан эртнээс гайхалтай байж дэлхийг донсолгосоор ирсэн. Тэд бүх цаг үеийн турш хоорондоо 25 удаа таарч тоглосноос Францын шигшээ 11 удаа хожсон бол Германы шигшээ 8-д нь ялж 6 удаа тэд эвийн гэрээ байгуулсан түүхтэй. Энэхүү 25 тоглолтод нийт 83 гоол орсон нь тоглолт хэрхэн өрсөлдөөнтэй болдгийг харуулна. 83 гоолын 42-ыг нь германчууд, 41-ийг нь францчууд хийжээ.
Тэгвэл энэ удаагийн тоглолт хөлбөмбөг сонирхогчдын хүсэн хүлээсэн гал гарсан тоглолтыг төдийлөн үзүүлээгүй гэхэд болно. Тоглолтын 12 дахь минутад Германы шигшээгийн хамгаалагч Матс Хаммелс Тони Кросийн чөлөөт цохилтыг гоол болгосноор тоглолтын цорын ганц гоол орсон билээ.
Хоёрдугаар хагаст францчууд тоглолтын санаачлагыг гартаа авч нэхэлт хийн тоог тэнцүүлэхээр оролдсон ч довтолгооны хувилбарууд нь тэр бүр амжилттай болсонгүй. Яах аргагүй Францын шигшээд Фрэнк Риберигийн орон зай үгүйлэгдэж байсан. Довтлогч Карим Бензима үе үе аюултай довтолгооны хувилбарт багаа шилжүүлж байсан ч төвийн довтлогчийн хувиар төдийлөн Германы хамгаалалтад аюул учруулж чадаагүй юм.
Франц Германы шигшээ баг өмнө нь дэлхийн аваргад гурван удаа дээгүүр тааран тоглосон байдаг. 1958 оны дэлхийн аваргад хүрэл медалийн төлөө тааран тоглож Францын шигшээ Германыг 6:3-аар буулган авсан, 1982 оны дэлхийн аваргад шөвгийн дөрөвт таарч германчууд ялсан, 1986 оны дэлхийн аваргад мөн л шөвгийн дөрөвт учраа таарч Герман нь Францыг 2:0-ээр хөнгөхөн буулган авсан түүхтэй. Тэгвэл дөрөв дэх удаагаа тааран тоглохдоо шөвгийн наймд ийнхүү тулж ганц гоолоор Германы баг ялна гэдэг үнэхээр үзэхийг хүссэн үр дүн биш юм.
Тоглолтын өмнө маш өндөр хүлээлт үүсгэж, Германы багийг буулган авна хэмээн итгэл найдвар өгч байсан францчууд талбайд үнэхээр хангалтгүй тоглосон. Ийнхүү гурван өнгөтний шигшээ энэ удаагийн дэлхийн аваргад түрүүлнэ гэсэн олон хүний найдварыг унагаж шөвгийн наймаас нутаг буцахаар боллоо.
Харин Германы хувьд дэлхийн аваргад хамгийн өндөр амжилт үзүүлсэн түүхэн амжилтаа дахин ахиулж шөвгийн дөрөвт медальт байрын төлөө, цаашлаад аваргын төлөө тулалдахаар үлдэж чадлаа. Германы шигшээ гурван удаа дэлхийн аварга болж, дөрвөн удаа мөнгөн медаль, дөрвөн удаа хүрэл медаль хүртэж, нэг удаа дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм.
Бразил - Колумб
Өнгөрсөн шөнийн хоёр дахь тоглолт болох Бразил Колумбийн тулаанд зохион байгуулагч орны шигшээ өрсөлдөгчөө 2:1-ээр буулган авсан юм. Бразилийн шигшээгийн хувьд төдийлөн хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээж буй тоглолтыг гаргаж чадахгүй байна, өрсөлдөгч багуудаа азаар шахуу чүү арайхийн хожиж байна хэмээх шүүмжлэл дагуулаад байгаа.
Гэсэн хэдий ч бразилчуудын урмыг хугалалгүй дэлхийн аваргын таван тоглолтод тав хожиж хагас шигшээд үлдээд байна. Тоглолтын долоо дахь минутад Бразилийн шигшээгийн ахлагч Тиаго Сильва булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг гоолдож тооны харьцааг 1:0 болгосон.
Мөн 68 дахь минутад Давид Луис чөлөөт цохилтоос гайхалтай гоолыг Колумбийн хаалганд шигтгэж 2:0-ийн харьцаагаар бразилчууд итгэл төгс тэргүүлж эхэлсэн. Гэвч колумбчүүд бууж өгөхийг хүссэнгүй, бразилийн хаалгачийн гаргасан алдаан дээр Хамес Родригес торгуулийн цохилтоос гоолдож тооны харьцаа 2:1 болсон юм.
Хамес Родригесийн хувьд ийнхүү зургаан гоолтойгоор мэргэн буучийн жагсаалтыг итгэл төгс тэргүүлсээр байна. Түүний араас Бразилийн Неймар, Аргентины Месси, Германы Томаш Мюллер хэмээх супер одод 4 гоолтой нэхэж яваа.
Бразилийн баг ийнхүү Колумбийн шигшээг буулган авснаар хагас шигшээд Германы хүчирхэг багтай тулгарч байна.
Мөн Колумбтай хийсэн тоглолтод Бразилийн багийн од Неймар гэмтсэн нь бразилчуудад ихээхэн түгшүүр дагуулж байгаа юм. Колумбийн шигшээ хэдийгээр дэлхийн аваргыг өндөрлүүлж байгаа ч түүхэндээ байгаагүй өндөр амжилтыг үзүүлсэн баатрын ёсоор нутагтаа очих нь дамжиггүй.
Энэ шөнө шөвгийн наймын үлдсэн хоёр тоглолт болох Аргентин-Бельги, Голланд-Коста Рикагийн тоглолт болно.

Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ