Японы улстөрч олны өмнө эхэр татан уйлж гомдоллов

Японы Хёго мужийн ассамблейн гишүүн 47 настай Рютаро Нономура гэгч татвар төлөгчдийн мөнгөөр аялж, зугаалсан хэрэгт буруутгагдан олон нийтээс хүчтэй шүүмжлэл хүлээжээ. Энэ хэрэгт Рютаро Нономура тайлбар өгөлгүй удаан явсны эцэст уржигдар /VII.1/ хэвлэлийн бага хурал зарлан, олны өмнө эхэр татан уйлан байж тайлбар хийсэн байна. Тэрээр "Японы нийгмийг өөрчилмөөр байна...би амьдралаараа дэнчин тавьсан...Та нар ойлгохгүй байна уу..." хэмээн эхэр татан уйлжээ. Түүний уйлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд шуугиан тарьж, хүмүүс янз бүрээр хүлээн авч байгаа аж.
Рютаро Нономура нь өнгөрсөн 2013 онд нийт 106 удаа албан томилолт нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр Японы халуун рашаант амралтын газарт аялж, зугаалсан аж. Тус халуун рашаант амралтын газарт тэрээр гурван сая иен / ойролцоогоор 30 мянган ам.доллар/ зарцуулсан гэнэ. Уг нь Хёго мужийн ассамблейн гишүүд сард 500 мянган иен /ойролцоогоор 5000 ам.доллар/-ыг албан томилолтонд зарцуулах эрхтэй байдаг аж. Гэтэл Рютаро Нономургийн өнгөрсөн оны нийт 195 хоногийн албан томилолтынхоо ихэнхийг Киносаки гэх халуун рашааны амралтын төвд өнгөрүүлсэн баримт олны өмнө дэлгэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ