Батлан хамгаалахын салбарыг хэзээ шинэчлэх вэ

{!!!right!!!}Цэрэг дайны түүхэнд хамгийн гарамгай амжилт үзүүлж, дэлхийн талыг байлдан дагуулсан үндэстэн бол монголчууд. Монгол цэргийн уухайнаас айн чичирдэггүй улс үндэстэн тэр үед дэлхийд үгүй байлаа. Бидний хүчирхэг, бардам явсан тэр цаг одоо түүхийн хуудаснаа шингэж, монгол хүн бүрийн цусанд омгорхол болон үлдсэн.

Гэсэн хэдий ч өнгөрсөн мянганд Монгол цэргийн хүрээгүй газарт энэ мянганы эхэнд энхийг сахиулагчдын далбаан дор эр цэргүүд маань алба хааж яваа нь бахархал төрүүлэм.

Харамсалтай нь эртний түүхт Монгол Улсын Батлан хамгаалахын салбар бидний амьдарч буй цаг дор генералуудынх нь гараар сүйрэх учиртай байсан гэж үү. Улстөржилтийн хэнээ, авлига, албан тушаалын хэргээс хамгийн холд оршиж эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэх ёстой тэдгээр Батлан хамгаалахын өндөр тушаалын офицерууд өнөөдөр юуны учир шүүхийн танхимд суух болов оо.

Ер нь Батлан хамгаалахын салбар дампуурлын ирмэгт байгааг учрыг мэдэх хүмүүс төдийгүй ард түмэн нүдээрээ харсаар байгаа.

Үнэг хөөж нисдэг тэргээ унагана, сөнөөгч онгоцоо задалж "махлан" моторыг нь Хойд Солонгост шахна, цэргийн зориулалттай обьектийн төмөр замыг суга татаад зарчихна, авлига авна, албан тушаалын наймаа хийнэ гээд тэнд хамгийн үл бүтэх бүхэн шургалсан мэт.

Дарга нар нь шүүхийн хаалга татаад завгүй явахад салбарт нь эх орны дуудлагаар цэргийн албаа хааж яваад бурангуйн золиос болж амиа алдахаас эхлүүлээд, хөрөнгө мөнгөтэй нэгний хувийн ажилд морь нохой мэт зүтгэх, харийнхны зодуур нүдүүрийн бай болох гэх мэт асуудал байнга шахам гарна.

Хамгийн сүүлийн жишээ дурдахад л Дорноговь аймгийн Улаан-Уул сумын 0129 дүгээр ангийн цэргүүд айлд очиж ямаа самнасан. Хил манах үүрэгтэй цэрэг ямаа самнаад сууж байгаа хэрэг л дээ. Хуарангаасаа бусдын зөвшөөрөлгүйгээр гарах ёсгүй цэрэг малчин айлд оччихсон ямаа самнаж байна гэхээр хэн нэгний өгсөн тушаалаар явсан байж таарна.

Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн албан хаагчид “Номин констракшн” ХХК-ийн барилга дээр гүйцэтгэгч компани болох “Эрдэнэт-Орчлон” ХХК-ийн ажлыг хийж яваад Хойд Солонгосын цэргүүдэд зодуулан биедээ хүнд гэмтэл авсныг нуун дарагдуулсан. ЗХЖШ болон БХЯ-ны том толгой генералууд цэргүүдийг хууль бусаар барилгын компаниудад ажиллуулж мөнгө олох бизнестэй болсны нэг жишээ нь энэ.

Мөн иймэрхүү жишээг "Цэргүүдийг офицерууд нь оны ялгаа гарган дарамталдаг, мөнгө татдаг, архи авахуулдаг, архи уусан үедээ ядарсан ахлагч нарыг хооронд нь зодолдуулж таашаал авдаг, цалингаар нь хүүхэн авахуулдаг. БХИС-ийн нэгэн өндөр албан тушаалтан өөрийн удирдлагад байгаа эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэх гэснээр, нөгөө эмэгтэй өнөөдөр шар хадны эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа" тухай Таван толгойн полигонд учир битүүлгээр дүүгээ алдсан бэлтгэл дэд хурандаа ТЕГ-ын тусгай хэлтсийн ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа Х.Энхсайханы хэвлэлүүдээр дамжуулан гаргасан ил захидалд дурдсан байдаг.

"Хэдэн бор цэргүүд" маань олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эх орныхоо нэр төрийг дэлхий дахинд гаргахын сацуу нөгөө л буруу гарын нөхдүүд гараа лавхан дүрээд амжжээ. Энхийг сахиулах үйл ажиллагаанд явуулж өгсөн хүнд, доод тал нь 500 доллар дээд тал нь 2000 доллар төлдөг гэсэн мэдээ сонин хэвлэлээр олонтаа гарах нь энэ салбарын бас нэгэн амттай бизнес цэцэглэж байгааг илтгэж байна.

Задарч, дампуурч яваа энэ салбарын сайдыг дээр дурдсан олон асуудлуудыг шийдэж өөд нь татаж явна гэхээс илүүтэй хөгжингүй улс орнуудаар "Африкийн нэгэн улсын хэмжээлшгүй эрхт удирдагч" мэтээр тансаглан, офицеруудаараа бараа бологч хийлгэн явах нь олон болсон тухай эх сурвалжууд дурдаж байна. Өнөөгийн энэ завхралд өмнөх сайд Лу. Болд ч мөн маш том сэжмээр холбогддог тухай учрыг мэдэх хүмүүс ярих нь их.

Эх орон эр цэргээ мянган жил тэжээж, нэг л өдөр хэрэглэдэг гэх. Тэгвэл тийм цагт нь моторгүй онгоц, гинжгүй танк, зодуур нүдүүр, хүнд ажилд нухлагдсан хэдэн бор цэргээс өөр юм Батлан хамгаалахын салбарт байх болов уу.

Дэлхийд хамгийн хүчирхэг цэрэг зэвсэгтэй хоёр гүрний дунд байхад бид мянга зэвсэглээд яах ч юм билээ гэсэн ойлголт бий. Тэгвэл мөнхийн хөршүүдтэйгөө найрсгаар харилцахын сацуу авсаархан чадварлаг орчин үеийн армитай байх хэрэгтэй мэт.

Эх орныхоо атга шороо, алга дарам газрын төлөө цусаа урсгаж явсан үе үеийн эх орончид, эр цэргүүдийн сүнс энэ завхарлыг тэнгэрээс хараад гаслаж суугаа нь лавтай биз.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ