Неймар бэртлийн улмаас дэлхийн аваргыг орхилоо

Өнгөрсөн амралтын өдрүүдээр дэлхийн аваргын шөвгийн наймд үлдсэн багуудын тоглолтууд болж хагас шигшээд тоглох багууд шалгарсан билээ.

Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн шигшээ баг Колумбийг 2:1-ийн харьцаагаар буулгаж авсан юм. Энэ хожлыг бразилийн шигшээ баг өндөр үнээр авсан бөгөөд Колумбийн хамгаалагч Хуан Камилло Бразилийн довтлогч Неймарийн нуруунд өвдөглөн бэртээсэн юм.

Харамсалтай нь Неймарийн нуруундаа авсан гурав дахь нугаламны бэртэл нь хүнд байсан тул дэлхийн аваргыг энэ хүргээд өнжихөөс аргагүй болсон байна.

Бразилчууд төдийгүй Бразилийн шигшээ баг, Неймарийг дэмждэг хөлбөмбөг сонирхогчдын хувьд энэ нь асар том гарз юм. Тэд Неймараас дэлхийн аваргын тоглолтод ихийг хүлээж байсан нь дамжиггүй юм. Гунигт мэдээ сонссон Неймар ч нулимс унагаж сэтгэл зүйн шоконд орсон байна.

Бразилын багийн дасгалжуулагч Луйс Фелипе Сколари “Неймарт одоо маш хүнд байна. Тэр үлдсэн тоглолтуудыг өнжих нь тодорхой болсон” гэжээ.

Түлхүүр тоглогчоо алдсан Бразилийн шигшээ баг хагас шигшээд Германы хүчирхэг шигшээтэй тулах юм. Хэрвээ Германы багийг хожсон тохиолдолд бразилчууд аваргын төлөө Голланд Аргентины аль хожсонтой тоглох болно.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ