Бэкхемийнхэн хуримынхаа 15 жилийн ойг тэмдэглэжээ

Британийн алдартай хос Виктория болон Дэвид Бэкхем нар гэрлэснийхээ арван таван жилийн ойг тэмдэглэжээ. Виктория хуримынхаа хамгийн сэтгэл уярам зургуудыг нийгмийн сүлжээн дээрх өөрийн хуудастаа тавьсан байна.

Алдарт охидын хамтлагийн дуучин байсан бүсгүй одоо тун ч намбатай бизнесмен эмэгтэй болсон бөгөөд өөрийн амьдралдаа маш их сэтгэл хангалуун байдаг гэдгээ илэрхийлжээ.

“Маш сайхан арван таван жил өнгөрчээ. Бид аз жаргалтай байгаа бөгөөд энэ он жилүүдийн туршид дэмжин туслаж байсан та бүхэнд талархаж байна. Энэ бол бидний хувьд онцгой өдөр” гэж бүсгүй зургийнхаа дор бичжээ.

Цагийн зүү шөнө дундыг заахад дэлхийн олон орны шүтэн бишрэгчид Виктория, Дэвид хоёрыг баярын мэндчилгээгээр ёстой нэг даржээ. Эхнэр, нөхөр хоёрын амьдралд хүнд хэцүү цаг мөч ч байсан юм.

Жишээ нь, Дэвид гэргийгээ мэхэлсэн дуулиант хэрэг мандахад, Виктория ямар шийдвэр гаргах бол хэмээн дэлхий нийтээрээ шахуу нам гүмхэн хүлээж байв. Гэвч тэр асуудлыг шийдэж, гэр бүлээ авч үлдэхийн тулд хангалттай мэргэн ухаан гаргасан юм. Энэ хугацаанд тэр нөхөртөө дөрвөн сайхан хүүхэд – гурван хүү, нэг охин төрүүлж өгсөн билээ.

Дэвид алдаа гаргаснаа ойлгож, тэр цагаас хойш түүнийг үлгэр жишээ нөхөр, аав болсон бөгөөд эхнэртээ өчүүхэн төдий ч хардах шалтаг гаргадаггүй байна. Янз бүрийн жагсаалтадтүүнийг хамгийн дур булаам, сайхан, хамгийн дэгжин эр, хамгийн сайн эцэг, гэр бүлийн тэргүүнээр олон жил тодруулж байгаа билээ. Британичууд тэдний гэр бүлийг дээдлэж, Британийн хатан хааныхаас ч дутуугүйгээр хүндэтгэдэг байна.

Дэвид гэр бүлийнхнээрээ байнга бахархаж, хүүхдүүдийнхээ нэр, гэргийнхээ дүрсийг биендээ шивүүлсэн байна. Энэ нь Виктория хийгээд үр хүүхдүүддээ хайртай байдгийн тодоос тод илрэл яалт ч үгүй мөн.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ