Г.Сарангэрэл зодуулсан нь үнэн үү?

Хар тамхины хэрэгт холбогдоод буй Г.Сарангэрэл нарын таван хүнийг шүүх хурал Дүүргийн Эрүүгийн нэгдүгээр шүүхэд болсон ч энэ сарын 16-ны өдөр хүртэл хойшиллоо. Учир нь Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан тул ийнхүү хойшлуулсан юм. Хурал хаалттай явагдсан. Таван шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй хүүхдүүд юм байна.
Хуралд даргалагч шүүгчээр Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн шүүгч Мөнх-Эрдэнэ оролцсон. Гэвч өмгөөлөгч Г.Батбаяр даргалагч шүүгч н.Мөнх-Эрдэнийг ашиг сонирхлын зөрчилтэй, Г.Сарангэрэлийг дарамталж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй унтсан гэж яриулсан цагдаагийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой гэж Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдсэн юм.
Мөн хурлаас Г.Сарангэрэлийг цагдан хорих шийдвэр гаргасан. Учир нь Г.Сарангэрэл нь батлан даалтад гарсан өдрөөсөө хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв зөрүүтэй ярилцлага өгч, олон нийтийг төөрөгдүүлж байна. Тиймээс мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж ийнхүү цагдан хорих шийдвэр гаргажээ.
Шүүхийн шийдвэрийг сонссон Г.Сарангэрэл нар уйлж, шүүх бүрэлдэхүүний шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байв.
"Шүүх мөрдөн шалгах ажиллагааг явуулдаггүй. Г.Сарангэрэл нарын хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхийн шатандаа очсон. Тийм байтал цагдан хорих шийдвэр гаргаж байгаа нь шүүх өөрсдөө хуулиа зөрчиж байна гэх тайлбарыг өмгөөлөгч Г.Батбаяр ярьж байна. Мөн хуулийн дагуу цагдан хорих хугацаа дөрвөн сараас хэтэрдэггүй байна. Г.Сарангэрэлтэй хамт холбогдсон Халиун, Гэрэл нарын дөрвөн хүний цагдан хоригдох хугацаа энэ сарын 2-нд дуусгавар болжээ.
Гэвч шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж, хуулийг ноцтой зөрчсөн гэж Сарангэрэлийн өмгөөлөгчид мэдэгдсэн юм. Шүүх бүрэлдэхүүн цагдан хорих шийдвэрт гомдол гаргахгүй байх шийдвэрийг мөн гаргасан. Гэсэн ч хууль бус шийдвэр гаргасан тул гомдол бичнэ гэдгээ Г.Сарангэрэлийн өмгөөлөгчид ярьсан юм.
Г.Сарангэрэл шүүх хуралд толгойгоо бинтээр ороож ирсэн. Г.Сарангэрэлийг өнгөрсөн амралтын өдрүүдэд гадуур явж байхад үл таних этгээдүүд “Энэ нөгөө Г.Сарангэрэл байна” гээд шууд барьж аваад зодсон гэж түүний өмгөөлөгчид ярьсан юм.
Биеийн байдал нь нэлээн тааруу гэх дүгнэлтийг эмч нар гаргасан, шүүх хурлын өдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах байсан ч шүүгч нар таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэлээ. Г.Сарангэрэлийн бусдад зодуулсан гэх хэргийг БГД-ийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ