Нисэх онгоцны буудалд аймшигт осол гарах шахлаа

Барселоны нисэх буудалд эмгэнэлт явдал болох дөхжээ
Барселоны нисэх буудалд аймшигт сүйрэл болох шахжээ. Москвагаас ирж явсан нисэх онгоцыг буулт хийж байхад Аргентины агаарын тээврийн Боинг онгоц хажуунаас хөөрч-буух зурваст орж ирсэн байна.
Энэ нисэх онгоцны багийнхан диспетчерийнкомандыг ойлгоогүй бололтой юм.Хоёр нисэх онгоцны хооронд хэдхэн метрийн зай үлдэхтэр агшинд оросын нисэгчид хоромхон зуур зохих арга хэмжээ авч, хөдөлгүүрийг хөөрөх горимд шилжүүлэн, дахин тойрохоор өндрөө авснаар мөргөлдөх аюулаас зайлсхийж амжжээ.
Оросын нисгэгчдийн гаргасан авхаалж самбаа олон зуун хүний амийг аварсан тухай Оросын хэвлэлүүдээр болон өрнөдийн хэвлэлүүдээр шуугиж эхэллээ. Нисэх буудлын хяналтын камерууд энэ үеийн бичлэгийг хийсэн байна. Хоёр онгоц юу юугүй мөргөлдөх гэж байжээ. ЮТЭЙР-ийн Boeing нисэх онгоцонд 330 зорчигч, Аргентины нисэх онгоцонд 300 орчим зорчигч сууж явсан байна.
Үүнийг загварчлан үзүүлвэл, дахин нэг тойрог үйлдэхээр дээшилж эхлэх тэр агшинд оросын нисэх онгоц буух зурвасаас барагцаалвал 25-30 метрийн өндөрт байжээ. Boeing нисэх онгоцыг хэвийн доошилж байснаас харахад, түүний дугуй газар шүргэхэд 8 орчим сендунд үлдсэн байна. Суулт хийх үеийн хурд цагт 250 километр байхад нисэх онгоц энэ хугацаанд 550 метр зам туулна. Өөрөөр хэлвэл, хамгийн ноцтой тэр агшинд хоёр нисэх онгоцны хооронд хэвтээ чиглэлээр нэг километр орчим, босоо чиглэлээр 30 метрийн зайтай байсан болж таарч байна.
Энэ агшинд Boeing нисэх онгоцыг жолоодож явсан оросын нисэгч Николай Лимарев хэлэхдээ, “бид буулт хийхээр доошилж явсан юм. Өндөр барагцаалвал 100 метр байсан. Гэтэл зүүн гар талаас бидний зурвас руу нэг нисэх онгоц орж ирж байгаа харагдсан. Энэ нисэх онгоц биднийг өнгөртөл яагаад зогсолгүй явсаар байсныг мэдэхгүй. Тэгээд л бидний буух зурваст орж ирсэн юм” гэжээ.
“Диспетчер зурвасыг хөндлөн гарахыг Аргентины нисэгчдэд зөвшөөрснийг Оросын нисэгчид бүр агаарт байхдаа радиогоор сонссон байна. Гэтэл Оросын онгоцыг буулт хийж эхлэмэгц Аргентины нисэгчид командыг дөнгөж хүлээж авчээ.
Үүний зэрэгцээ буух зурвасын дээрх агаарын орон зайг хараагаар баримжаалах ёстой байсан юм.Хэрвээ ингэсэн бол, зурваст хоёр нисэх онгоц орж ирж байгааг харах байсан хэрэг.Гэтэл аргентины нисэх онгоцны багийнхан зогсоогүй байна. Диспетчер цочирдсондоо болж тэрхэн мөчид юу ч хийж амжаагүй байна. Харин манай нисэгчид дахин нэг тойрог үйлдэх шийдвэр гаргаж чадсан юм" гэж нисэхийн UTair компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Галанова хэлжээ.
Байдал маш ноцтой байсан, гэвч оросын нисэгчид энэ байдлаас гарч чадсан юм. “Ёстой сайн залуус” гэж Boeing-767 нисэх онгоцны дарга, нисэхийн “Гамаюн” сургуулийн захирал, ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх нисэх хүчний хөгжлийн асуудал эрхэлсэн комиссын гишүүн Юрий Выходцев хэлсэн байна.
Оросын Boeing нисэх онгоцны суулт хийсэн Барселоны нисэх буудлын 02 зурвас нь гол зурвас биш гэнэ. Одоо нисэх буудалд засвар хийж байгаа аж. Тэгээд зурвасуудын нэр солигджээ. Тиймээс аргентины нисэгчид будилсан байж болох талтай. Энэ явдал цэлмэг өдөр болсон нь сайн хэрэг. Хэрвээ манантай байсан бол яахав? Хоёр нисэх онгоцонд зургаан зуун хүн явсан, үүний дээр аргентины нисэх онгоц шатахууны савуудаа дүүргэж аваад хөдлөх гэж байсан.
Энэ жил Барселоны нисэх буудалд үүнтэй төстэй бас нэг явдал болсон юм. Ирландын нисэх онгоц хөөрөх зурвас руу хээв нэг орж ирсэн өөр нэг нисэх онгоцны дээр буучих шахсан байна.
Испанийн нисэхийн удирдлага сая болсон хэрэг явдлыг мөрдөн шалгаж эхэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ