Герман 7:1 Бразил

Өнгөрсөн шөнө дэлхийн аваргын хагас шигшээд шалгарахын төлөөх эхний тоглолт явагдаж өнгөрөв. Дэлхийн таван удаагийн аварга, 20 дахь удаагийн ДАШТ-ий зохион байгуулагч Бразилийн шигшээ баг дэлхийн гурван удаагийн аварга, дөрвөн удаагийн мөнгөн медальт Германы шигшээ багийн эсрэг тоглолоо.
Энэхүү тоглолтод Германы "машин" латин америкийн хамгийн хүчирхэг, хамгийн алдартай шигшээ багийг жинхэнэ "машиндана" гээчийг л үзүүлсэн юм. Тоглолт 7:1-ийн харьцаагаар өндөрлөж дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд олон дээд амжилтыг тогтоолоо.
Тоглолтын эхний хагасын 11 дэх минутад Германы шигшээгийн довтлогч Томас Мюллер тооны харьцааг нээж 1:0 болгосон бол удаах 20-30 минутад бразилчуудын хувьд үнэндээ хар дарсан зүүд мэт байсан гэхэд хилсдэхгүй.
Энэ үед дөрвийн дөрвөн гоол угсраагаар Бразилийн хаалганд орсон. 23 дахь минутад Германы шигшээгийн Мирослав Клозе довтолгооны хувилбараа шайхалтай төгсгөж тооны харьцааг 2:0 болгон бүх цаг үеийн түүхэн дэх дэлхийн аваргын тэмцээнд хамгийн олон гоол буюу 16 гоол оруулсан тамирчнаар тодорлоо.
б маЭнэ түүхэн амжилт нь мөн л бразилчуудын эсрэг байсан гэхэд болно. Учир нь Бразилийн довтлогч домогт Рональдо 15 гоолтой энэ амжилтыг олон жил тэргүүлж байсан билээ. Ийнхүү 23 дахь минутад Бразилийн хаалганд оруулсан гоол түүхэн дээд амжилтыг Германы талд эргүүлэв.
Мөн энэ тоглолтын хувь заяаг ч нэгмөсөн эргүүлчихсэн гэхэд болно. Гоол алдсан шокноосоо салж амжаагүй байсан бразилчуудын хамгаалалтын алдааг ашиглан ердөө нэгхэн минутын дараа энэ цаг үеийн Германы шигшээгийн "Баллак" гэгдэж буй Тони Крос, 26 дахь минутад дахин Тони Крос, 29 дэх минутад Сами Хедира тус тус гоолдож тоглолтын эхний гучин минутад тооны харьцааг 5:0 болгож орхив. Цэнгэлдэхэд төдийгүй Бразилийн ард түмэн тэр чигээрээ шоконд орсон нь гарцаагүй.
Ингэснээр дэлхийн аваргын хагас шигшээд эхний хагаст 5 гоол хаалгандаа алдсан "түүхэн" амжилтын эздээр Бразилийн энэ цаг үеийн шигшээ бичигдэж эхлэв.
Колумбийн шигшээг хожихдоо Неймарийгаа бэртлээр алдан асар өндөр үнэ төлсөн, мөн багийн ахлагч Тиагу Сильва хоёр шар хуудастай болж энэ тоглолтод оролцоогүй зэрэг Бразилийн талд сөрөг үзүүлэлт их байсан ч арай ч ийм олон гоолын зөрүүгээр хожигдоно гэж хэн ч төсөөлөөгүй билээ.
Тоглолтын хоёрдугаар хагаст ч Бразилийн шигшээ юу ч хийж чадсангүй, харин германчууд эсрэгээр хоёр ч гоол нэмж орхив. Сэлгээгээр талбайд гарсан Германы шигшээ багийн довтлогч Андре Шюррле 69, 79 дахь минутад хоёр гоол оруулж, дубль хийлээ.
Тоглолтын үндсэн цагийн сүүлийн 90 дэх минутад Бразилын шигшээгийн хагас хамгаалагч Оскар гоол оруулж, шигшээ багтаа, эх орондоо нэр төрийн гоол авчирсан. Магадгүй германчууд энэ гоолыг Бразилийн шигшээгийн нэр төрийг хүндэтгэж бэлэглэсэн ч байж мэднэ.






Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ