“МИАТ”-ийн хэргийг ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлнэ

“Дайны эрсдэл”-ийн мөнгө гэгчийг бий болгож, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт "Монголиан Эйрлайнес" компанийн эзэн Ч.Хоролсүрэн, түүний төрсөн дүү Ч.Суурьтогтох, Н.Гантөмөр, МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ, Б.Эрдэнэбилэг, Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан С.Батхишиг, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр нарыг саатуулсан билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3 буюу эрх мэдлээ урвуулан ашигласан, 166-д зааснаар мөнгө угаах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх заалтаар эрүү үүсгэн, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байгаа юм.

Мөн мөрдөн байцаалтын явцад хэрэгт холбогдсон гурван эмэгтэйг батлан даалтад гаргасан. Харин хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурор хяналт тавьж дууссан хэмээн УПЕГ-ын албаны эх сурвалж мэдээлэв. Тиймээс ирэх долоо хоногт шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Хэргийг шүүхэд шилжүүлснээр хурлын тов 30 хоногийн дотор тодрох юм.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ