Заавал судлах хичээлийн жагсаалтыг баталлаа

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн А/285 дугаар тушаалаар бакалаврын ерөнхий суурь чиглэлийн заавал судлах хичээлийн жагсаалтыг баталсан байна. Уг жагсаалтыг Дээд боловсролын байгууллагын бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлагыг баталсантай холбогдуулан гаргажээ. Бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний ерөнхий суурь чиглэлийн заавал судлах хичээлийн жагсаалтад:
-Монголын түүх, соёл, ёс заншил /иргэний боловсрол/, Монгол хэл бичиг, найруулга зүй /яриа бичгийн ур чадвар/, Хүний хөгжил, харилцааны ёс зүй, эрх зүй /хүмүүнлэгийн ухаан/, Сэтгэлгээний түүх, соёл /хүмүүнлэгийн ухаан/ гэсэн хичээлүүд багтжээ. Дээрх хичээлүүдийг судалснаар эх хэлээрээ логик дэс дараалалтай, үндэслэлтэй товч тодорхой, үнэн зөв амаар болон бичгээр өөрийгөө илэрхийлэх чадвартай болох, Монголын түүхийн нэгдсэн сурвалж бичгүүдийг тоймлон дүгнэж, хөгжилд нөлөөлсөн дотоод гадаад хүчин зүйлсийн талаар шүүмжит дүгнэлт хийх түүнийгээ нотлон мэтгэлцэх, бүтээлч сэтгэлгээ, хувийн зохион байгуулалт, өөрийгөө хянах чадвар, багаар ажиллах чадварт суралцана гэж үзэж, хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэхийг их дээд сургууль, коллежийн захирал нарт үүрэг болгосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ