Хайнаа хагалах Герман ба Аргентин

ДАШТ-д Европын аль нэг улсын шигшээ баг түрүүлбэл дараагийн дэлхийн аваргад нь Өмнөд Америкийн баг түрүүлдэг бичигдээгүй уламжлал 1958, 1962 онд Бразилийн шигшээ дараалан түрүүлснээс хойш тогтоод байсан. Энэхүү уламжлал 2006 онд Итали, 2010 онд Испани түрүүлснээр байхгүй болсон бол өнгөрсөн шөнийн тоглолтод Голландын шигшээг пенальт цохин буулгаж авсан аргентинчууд дахин эхлүүлж магадгүй боллоо.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны судалгаагаар гурван тэрбум хүн үзсэн энэхүү тоглолтод Аргентин болон Нидерландын шигшээ баг эн тэнцүүхэн тоглосон. Тоглолтын дараах үзүүлэлтийг харваас нисдэг голландууд 56 хувийн бөмбөг эзэмшилтээр илүү байсан ба нийт долоон удаа хаалга руу цохилт гүйцэтгэснээс нэг нь л гоол болох аюултай цохилт байжээ. Харин аргентинчууд арай бага хувиар бөмбөг эзэмшсэн ч хаалга руу найм цохиж дөрөв нь аюултай цохилт болжээ.
Аргентины шигшээгийн хаалгач Сержио Ромеро энэ тоглолтын баатар байлаа. Ер нь аргентинчуудыг финалд үлдээсэн тоглогч нь Ромеро гээд хэлчихэд нэг их буруудахгүй бизээ. Үндсэн цаг + нэмэлт цагийн хугацаанд Голландын шигшээгийн бүх цохилтыг байхгүй болгож байснаас гадна пенальт цохиход үнэхээрийн гайхалтай байж багтаа хожил авчирсан юм.
Нэмэлт цагт хоёр баг аль ч гоол хийгээгүй учир пенальтаар тоглолтын хувь заяаг шийдэхээр болсон юм.
Голландын шигшээгийн хамгаалалтын цөмийг нуруун дээрээ үүрч гарсан Влаар харамсалтай нь эхний цохилтыг алдаж, хариуг нь Месси барьснаар аргентинчууд давамгайлж эхэлсэн. Удаах цохилтыг Аргентины багаас Эзикел Гарай, Голландаас Арьен Роббен нар амжилттай гүйцэтгэсэн ба дараа нь Шнайдер алдаж Агуэро гоолдсоноор латин америкийн баг 3:1-ээр хошуучилсан. Ингээд Дирк Куит үүргээ амжилттай гүйцэтгэсэн ч эцсийн шийдвэрлэх цохилтыг Аргентины шигшээгийн Макси Родригес гүйцэтгэж түүнийг нь Голландын хаалгач Силессен хааж чадсангүй.
Ийнхүү хөгжөөн дэмжигчдийнхээ хүсэн хүлээсэн тоглолтыг төдийлөн гаргаж чадалгүй нисдэг голландууд хагас шигшээд ялагдаж хүрэл медалийн төлөө Бразилийн шигшээтэй тоглох боллоо.
Харин Лионель Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг Өмнөд Америкийн багуудын нэр хүндийг өндөрт өргөж финалын тоглолтод хүчирхэг Германы шигшээтэй тоглохоор шалгараад байна.
Аргентинчууд түүхийн туршид дөрвөн удаа финалд шалгаран үлдэж хоёрт нь өрсөлдөгчөө ялж дэлхийн аварга болсон билээ. Харин Германы шигшээ долоон удаа финалд үлдэж гуравт нь хожиж алтан цомыг өргөж байсан түүхтэй.
Энэ хоёр баг түүхэндээ 1986, 1990 оны дэлхийн аваргад дараалан финалд тулж гайхалтай өрсөлдөөн үзүүлж байсан. 1986 оны дэлхийн аварга Мексикт болоход Аргентины шигшээ баг Германыг 3:2-оор ялж аваргалсан бол дараагийн 1990 оны дэлхийн аварга Италид болоход Герман "машин" хариугаа авч 1:0-ээр өрсөлдөгчөө буулгаж дэлхийн аварга болсон түүх бий.
Тиймээс энэ хоёр шигшээ багийн түүхэн өрсөлдөөн энэ удаагийн дэлхийн аваргад үргэлжилж хайнаагаа хагалахаар болоод байна.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ