Нисдэг голландчууд Бразилийг бутниргэв

Өнгөрсөн шөнө Бразил улсад зохион байгуулагдаж буй XX дахь удаагийн хөлбөмбөгийн ДАШТ-ий хүрэл медалийн төлөөх тоглолт болж өнгөрлөө. Хүрлийн төлөө Гераны шигшээд 7:1-ээр бутниргэгдсэн Бразил болон Аргентины шигшээд пеналтаар хожигдсон Голландын шигшээ өрсөлдсөн юм.
Энэ тоглолтод Европын төлөөлөл 3:0-ээр өрсөлдөгчөө илүүрхэн буулгаж авлаа. Ингэснээр Нидерландын шигшээ баг түүхэндээ анх удаа хүрэл медаль авч байна. Нисдэг голландчууд гурван удаа мөнгөн медаль нэг удаа дөрөвдүгээр байрт шалгарч байсан юм.
Харин Бразилийн шигшээ 1974 онд Польшийн шигшээд хожигдон дөрөвдүгээр байрт шалгарч байсныгаа давтаж дахин дөрөвдүгээр байрын амжилт гаргаж байна.
Энэ тоглолт хоёр багийн хувьд дэлхийн аваргын тавцанд дөрөв дэх удаагаа таарч тоглосон тоглолт байлаа. Өмнө нь 1974 оны ДАШТ-д хасагдах шатанд нэг хэсэгт багтаж тулгарахдаа голландчууд 2:0-ээр хожил авсан бол 1998 оны Францын дэлхийн аваргад хагас шигшээд тулж 1:1-ээр тэнцэн улмаар пенальт цохиж Бразилийн шигшээ аваргын төлөө тоглохоор шалгарч байв.
Харин Нидерландын баг хүрлийн төлөө шидэгдэж Хорватын багтай тоглосон ч 2:1-ээр ялагдаж дөрөвдүгээр байрт орж байлаа.
2010 оны ӨАБНУ-д болсон ДАШТ-д энэ хоёр баг шөвгийн наймд учраа тааран тоглосон ба аваргын төлөө Испанийн шигшээтэй тоглох тавилантай байсан голландчууд Бразилийн шигшээг 2:1-ээр буулган авч нутаг буцааж байв.
Харин энэ удаагийн дөрөв дэх тоглолтын ялагч нь Луис ван Гаал дасгажуулагчтай Робин ван Перси ахлагчтай голландчууд байлаа. Тоглолтын дөнгөж эхэлмэгц Бразилийн багийн ахлагч Тиаго Сильва алдаа гаргаж Ван Перси пенальт цохисноор 1:0-ийн харьцаатай болов.
Ийнхүү бразилчууд эхнээсээ бүтэлгүй эхэлж хожигдлоо дуудсан юм.Улмаар 16 дахь минутад Голландын багийн хагас хамгаалагч Данни Блинд тооны харьцааг 2:0 болгосноор Германтай хийсэн тоглолт дахин давтагдах вий хэмээн бразилчууд эмээж эхэлсэн бизээ.
Азаар тийм зүйл болсонгүй, бразилчууд ч тоглолтын хувь заяаг эргүүлэх зүйл хийж ч чадсангүй үндсэн цаг дуусаж, нэмэлт цагт Виналдум гоолдсоноор 3:0-ийн харьцаагаар Нидерландын шигшээ баг хүрэл медалийн болзол хангасан юм.
Дэлхийн олон улсын шигшээ багаас 32-т шалгарч улмаар тэднээс шигшигдэж хүрэл медаль авна гэдэг өндөр амжилт хэдий ч Луи ван Гааль тэргүүтэй нисдэг голландчуудын хувьд цорын ганц зорилго нь дэлхийн аварга хэмээх эрхэм алдар байсан бизээ.
Тэд энэ дэлхийн аваргад хамгийн гайхалтай тоглолтуудыг үзүүлж хөгжөөн дэмжигчдээ баярлуулж байсан билээ. Робин ван Перси, Арьен Роббен, Шнайдер нарын гайхалтай гоолууд, дэлхийн аварга хүчирхэг Испанийг бутниргэсэн дуулиант тоглолт гэх мэтээр тэд энэ дэлхийн аваргын гол фаворит байв.
Харин Бразилийн шигшээ баг нутагтаа зохион байгуулж байгаа тэмцээнд санасныг бодвол төдийлөн амжилт муутай оролцлоо. Энэ бол яах аргагүй Колумбийн хүчирхэг, гялалзсан шигшээ багийг асар өндөр үнээр буулган авч хагас шигшээд шалгарсан тоглолттой холбоотой. Тэнд багийн ахлагч хамгаалалтын ноён нуруу Тиаго Сильва хоёр дахь шар хуудсаа авч Германтай хийх шийдвэрлэх тулаанд оролцох эрхгүй болсон, тэнд л багийн түлхүүр тоглогч супер од Неймарийгаа бэртлийн улмаас алдсан юм.
Эдгээр хохирлуудын улмаас Бразилийн шигшээ Германы багт хэт давуу байдлаар бутниргэгдсэн билээ. Улмаар энэ хожигдлын шокноосоо салж амжилгүй Голландын багийн өөдөөс юу ч хийж чадалгүй ийнхүү хожигдов.
Өнөө шөнө дэлхийн аваргын хамгийн шийдвэрлэх тоглолт буюу аваргын төлөө Герман Аргентины шигшээ багуудын ээлжит тулгаралт болно.







Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ