Мюллер үү, Месси юу?

{!!!right!!!}Өнөө шөнө болох ДАШТ-ий сүүлчийн тоглолт, Аргентин Германы шигшээ багийн тоглолтын өмнөх мэдээллүүдийг хүргэж байгаа билээ.

Энэ тоглолтод хэрэвзээ Германы шигшээ баг хожвол дэлхийн аваргын алтан цомыг дөрөв дэх удаагаа өргөх юм.

1954 онд Унгарыг 3:2-оор, 1974 онд Нидерландыг 2:1-ээр, 1990 онд Аргентиныг 1:0-ээр тус тус финалын тоглолтод хожиж гурвантаа дэлхийн аварга болсон билээ.

Тэгвэл Аргентины шигшээ хоёр удаа дэлхийн аварга болохдоо 1978 онд Нидерландыг 3:1-ээр, 1986 онд Германыг 3:2-оор буулгаж аван түрүүлж байсан удаатай.

Мөнгөн медаль хүртсэн буюу алтан цом атгаад алдсан тохиолдол Аргентины шигшээд хоёр удаа тохиосон бол германчууд дөрвөн ч удаа түүхэндээ мөнгөн медаль хүртсэн билээ.

Аргентинчууд аваргын төлөө тоглолтод хоёр удаа хожигдохдоо нэгд анхны ДАШТ болох 1930 оны дэлхийн аваргад зохион байгуулагч орон Уругвайд, нөгөөд нь 1990 онд одоо тулах гэж байгаа германчуудад хожигдож байлаа.

Тэгвэл германчууд дөрвөн удаа аваргын төлөөх тоглолтод хожигдохдоо 1966 онд Англид, 1982 онд Италид, 1986 онд Аргентинд, 2002 онд Бразилд тус тус хожигдож байв.

Тэгвэл дээрх мэдээллээс та бүхэн энэ хоёр баг алтан цомын төлөө түүхэндээ хоёр удаа буюу 1986, 1990 онд тулгарч эхнийхэд нь Аргентин 3:2-оор, дараагийнхад нь Герман 1:0-ээр тус тус хожиж дэлхийн аваргын цом өргөж байсныг мэдсэн байх.

Одоо гурав дахь удаагаа ийнхүү аваргын төлөө тоглохоор шалгаран үлдээд байна.

80, 90-ээд оны дэлхийн хөлбөмбөгийг хаанчилж байсан хоёр багийн супер өрсөлдөөн ийнхүү 2014 онд эргэн ирлээ.

Дэлхийн шилдэг тоглогч, супер од Лионель Месси өөрийгөө хэн болохоо дэлхийн аваргын тавцанд батлан харуулж домогт Диего Марадонагийн шийрийг хатааж эх орондоо алтан цомыг дахин авчрах уу.

Эсхүл энэ цаг үедээ шилдгийн шилдэг шигшээ баг, хамгийн хүчирхэг, шилдэг тоглогчидтой хэмээх тодотгол магтаалуудыг дагуулж, үүнийгээ ч батлан харуулж аваргын төлөөх тулаанд хөнгөхөн үлдэж чадсан Томас Мюллер, Шванштайгер, Озил, Клозе, Шюрле, Кроос, Лаам, Хедира, Нойер нарын гайхамшгуудаар дүүрсэн Герман "машин" латин америкаас алтан цомыг нь булааж эх нутагтаа аваачих уу гэдгийг бид хэдхэн цагийн дараа харна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ