Германы шигшээ дэлхийн дөрвөн удаагийн аварга боллоо

{!!!right!!!}Өнгөрсөн шөнө хүн төрөлхтөний их баяр цэнгэл болсон хөлбөмбөгийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шагаруулах тэмцээний аваргууд тодорлоо.
{---left---}Дэлхийн гурван удаагийн аварга, дөрвөн удаагийн мөнгө, дөрвөн удаагийн хүрэл медальт Германы шигшээ баг дэлхийн хоёр удаагийн аварга, хоёр удаагийн мөнгөн медальт Аргентины шигшээ багийг нэмэлт цагийн хоёрдугаар хагаст Марио Гётцегийн алтан гоолоор буулган авлаа.
Ингэснээр Европын шигшээ багуудын хамгийн хүчирхэг төлөөлөл Германы баг дөрөв дэх удаагаа дэлхийн аварга болсноор дөрвөн удаагийн дэлхийн аварга Италийн шигшээтэй тэнцэж бусад амжилтаараа илүүрхэн дэлхийд Бразилийн дараа хоёрдугаарт бичигдэж эхэллээ.
Тоглолтын үндсэн цагт германчууд бөмбөг эзэмшилт, хамгаалалт, довтолгоогоор давамгайлж байсныг дурдая.
Гэсэн хэдий ч Мирослов Клозе, Томас Мюллер, Мэсүт Озил нарын хүчирхэг довтолгооны бүрэлдэхүүн, төвийн шугамын хамгаалалт, довтолгоог гайхамшигтай дэмждэг Бастиан Шванштайгер, Тони Кроос, Сами Хедира болон бүх шигшээ багуудаас хамгаас илүү ялгарах гол давуу тал болсон хамгаалалтын тоглогчид үнэхээр сайн тоглосон билээ.
Аргентины шигшээ багийн хамгаалалт, тактикийн хувилбар нь довтолгооны хурц иртэй багийг ирийг нь мохоож тоглолтын хэмнэлдээ оруулан Мессигийн өндөр ур чадвар бүхий довтолгоогоор сандралд оруулж хамгаалалтыг нь бутладаг онцлогтой.
Яг ийм тактикаар Голландын шигшээгийн хүчирхэг довтолгоог зогсонги, уйтгартай хэмнэлд оруулж эцэст нь пенальтаар хожсон аргентинчууд Германы тоглогчдыг ч мөн л ийм байдалд оруулаад амжсан.
Ингэснээр тоглолтын үндсэн цаг + нэмэлт цагийн эхний хагаст нэг ч гоолгүй тоглолт үргэлжилж байлаа. Аргентины шигшээ багийн довтолгооны хувьд Германы хана хэрэм мэт гайхалтай хамгаалалтын шугамыг яагаад ч нэвтэлж чадахгүй байсан. "Бурхны хүү" Месси тэрхүү хамгаалалтыг давж чадсангүй, түүнд туслах олигтой тоглогчид ч аргентинаас байсангүй. Энэ тоглолтод Анхель ди Мария бэртэл нь эдгэж оролцсон бол байдал өөр болох байсныг ч өрнөдийн мэдээллийн хэрэгслүүдэд дурдсан байсан.
Ингэсээр тоглолтын 113 дахь минутад Мирослав Клозег суулгаж солилцоогоор орж ирсэн Германы довтлох чиглэлийн хагас хамгаалагч Марио Гётце Андре Шюррлегийн дамжуулалтаас ирсэн бөмбөгийг гоолдож алтан гоол хийснээр 1:0-ийн харьцаагаар германчууд ийнхүү дэлхийн аварга болж байна.
Энэ удаагийн дэлхийн аваргын шилдэг тоглогчийн шагнал болох "Алтан бөмбөг"-ийг Лионель Месси хүртсэн ба, шилдэг хаалгачийн шагнал "Алтан бээлий"-г Германы хаалгач Мануэль Нойер яах аргагүй хүртсэн юм. Зургаан гоолтойгоор Колумбын довтлогч залуу Хамес Родригес мэргэн буучийн жагсаалтыг тэргүүллээ.
Энд нэгэн сонирхолтой баримтыг дурдахад германчууд дөрөв түрүүлэхдээ дөрвийн төгсгөлтэй гурван жилд түрүүлж байна. 1954, 1974, 2014 он. Германы шигшээ энэ дэлхийн аваргад хэсгийн тоглолтуудаас эхлүүлээд бүх тоглолтод хожиж, гялалзсан тоглолтуудыг үзүүлж үнэхээр дэлхийн аваргын цомыг хүчээр бярдаж авч байгаа гэхэд маргахгүй болов уу.
Мөн бас нэг зүйлийг дурдахад Германы шигшээ багийн довтлогч домогт Мирослав Клозе энэ дэлхийн аваргад хоёр гоол оруулж нийт дэлхийн аваргын тэмцээнд оруулсан гоолын тоо нь 16 болсноор (өмнө нь Бразилийн "шүдэт" Рональдо 15 гоолтой дээд амжилтын эзнээр бичигдэж байсан) бүх цаг үеийн түүхэнд хамгийн их гоол оруулсан амжилтын эзэн болоод байгаа.
Ингээд Америк тивд Европын анхны баг түрүүлж Европ, Латин Америкийн түрүүний харьцаа 11:9 болж европчууд тэргүүлж эхэллээ.







Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ