Дэлхийн хэвлэлүүд ДАШТ-ий шувтаргын тоглолтын тухай ингэж бичиж байна

{!!!right!!!}Хөлбөмбөгийн ДАШТ-ий шувтаргын тоглолтод Аргентины шигшээ багт довтолгоо хийх хүч дутагдаж, шийдвэрлэх агшинд багийн ахлагч Лионель Месси өөрийн хамгийн шилдэг чанарыг харуулж чадсангүй.
Европын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Бразилд өндөрлөөд буй тоглолтын дүнг тайлбарлахдаа ийнхүү санал нэгтэй дүгнэж байна.
Аргентины шигшээ баг ДАШТ-ий шувтаргын тоглолтод нэмэлт цагийн хугацаанд Германы багт 0:1-ийн харьцаатай хожигдсон билээ. Нэмэлт цагийн хоёрдугаар хагаст 113 дахь минутад Марио Гётце цорын ганц “алтан” гоол оруулсан юм.
“Дэлхийн аваргын дөрөв дэх титмийг авахад Германы шигшээ багт 120 минут шаардагдлаа. Багийнхан багагүй мэрийлт гаргахад хүрсэн бөгөөд харин үүнээс өмнө ДАШТ-ий талбайд цөөхөн үзэгдэж байсан Гётце шийдвэрлэх ганц бөмбөг орууллаа.
Аргентины шигшээ багийн хамгаалалт сайн байсан ч, довтлогоонд шилжих хүч дутагдаж байлаа” гэж Испанийн “El Pais” сонинд бичжээ.
“Шувтаргын тоглолт сэтгэл түгшээсэн, тэнцүүхэн, сонирхолтой боллоо. Аргентины баг Германы багаас дутуугүй байсан бөгөөд талбайд олон сайхан агшин гарч байлаа, харин Месси талбайд өөрийн үүргээ биелүүлсэнгүй” хэмээн Испанийн “AS”сонинд тэмдэглэжээ.
Италийн “Corriere dello Sport” сонин ч үүнтэй санал нэг байна. “Марио Гётце Бразилын ДАШТ-ий хувь заяаг шийдлээ. Үзүүштэй, сэтгэл түгшээсэн тоглолт Германы шигшээ баг Аргентины багийг ялснаар дууслаа. Харин энэ багийн тоглолт Лионель Мессигийн тоглолтоос хэтэрхий их хамааралтай байлаа” гэж дээрх сонинд бичсэн байна.
“Repubblica” сонин Германы багийн амжилтын гол шалтгааныг онцлон дурджээ. “Энэ тэмцээнд Германы багийн бүрэлдэхүүн маш хүчтэй байлаа. Шувтаргын тоглолтод тус багийнхан шилдэг сайн тоглолт үзүүлээгүй, гэхдээ л ялах хүсэл зориг,төрөлх давамгай зан чанараа харууллаа” гэж бичсэн байна.
“Герман энэ тэмцээнд хамгийн хүчтэй багтай оролцсон учир тус орны шигшээ баг дэлхийн аварга боллоо” гэж “Corriere della Sera” сонин германчуудын амжилтыг маш энгийнээр, түс тас тайлбарлажээ.
“Gazzetta dello Sport ” сонин Германы шигшээ багийнхан гар нийлж тоглосныг дурдаад, “Гётце болон Шюррлегийн ид шид Германы багт ялалт авчирлаа. Хоёр тоглогч сэлгээнээс гараад, Германы баг хэчнээн хүчтэй, яалт ч үгүй ялахаас аргагүй байсныг харууллаа. Нэг л бүрэлдэхүүнээр олон жил тоглож байгаа энэ багийнхан одоо үр шимээамслаа” гэжээ.
Аргентины баг ДАШТ-д сайхан тоглолт үзүүлсэн бөгөөд магтаалын үг дуулах учиртай гэж тус орны олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд үзэж байна.
“Үндэсний шигшээ баг маань Гётцег маш сайхан гоол оруулсны дараа шувтаргын тоглолтод хожигдож, Германы шигшээ баг 1990 оных шигээ биднийг дахин яллаа.Гэвч Аргентины баг сайхан тоглолт үзүүлсэн. Италийн шүүгч хоёр дахь үедалдаа гаргасны хариуд торгуулийн цохилт хийх боломжийг Гонзало Игуаинд олгосонгүй. Гэвч бүхэлдээ манай тоглогчдод алга ташин баяр хүргэвэл зохино” гэж “Ole”сонинд бичжээ.
“Германы шигшээ баг дэлхийн аваргын дөрөв дэх титэм авч, Аргентины баг ийм цолгүй ч, толгой дээгүүр буцаж байна” гэж “Clarin” сонинд дурдсан байна.
Харин Аргентины “Nacion” сонин шигшээ багийн ахлагч Мессийг жаахан шүүмжилжээ. “Бид яг зүрхэндээ хүчтэй цохилт авлаа. Месси багийг бүхэлд нь чирж байсан нь эргэлзээгүй. Гэхдээ Нидерланд, Германы шигшээ багтай тоглохдоо тэр хөлбөмбөгийн хаанаас хүлээж байдаг тийм тоглолт үзүүлсэнгүй” гэж тэмдэглэсэн байна.
ххххххххх
ДАШТ-ий шувтаргын тоглолтын үеэрнэг хагас нүцгэн хөгжөөн дэмжигч талбайд гарч ирсэн байна. Энэ нь Оросын иргэн байсан бөгөөд цээжин дээрээ “Төрөлхийн шогч хүн” гэж бичсэн байжээ.
Виталий Здоровецкий гэдэг энэ хүн Германы шигшээ багийн тоглогч Бенедикт Хеведус дээр гүйн ирж, түүнийг үнсэх гэсэн байна.
Сүүлд нь тэр өөрийн Twitter-т“ Ингээд би нэрд гарлаа” гэж бичжээ. Өөрийн блогт Виталий телевизээр үг хэлэхээр зэхэж байгаагаа уншигчдад сонирхуулсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ