Дөчин мянгатын хоёр орон сууц шатлаа

Өнөөдөр нийслэлийн төв хэсэг буюу олны нэрлэж заншсанаар 40 мянгатад томоохон хэмжээний гал гарч оршин суугчдыг сандаргаж, хүний аминд хүрэхийг шахсан байна.

Онцгой байдлын гал унтраах ангийнхан 14.40 цагт 40 мянгатын 40-р байр буюу Оросын элчингийн өөдөөс харсан хуучны орон сууцанд гал гарсан тухай дуудлага авч хэргийн газарт яаралтай ирсэн байна. Гал 40-р байрны дээврийн зүүн хэсгээс эхэлсэн бөгөөд оршин суугчид “Дуудлага өгснөөс хойш 30 орчим минутын дараа гал сөнөөгчид ирсэн” гэх тайлбар өгч байлаа.

Харин галыг аюулгүй болгож унтраасны дараа Нийслэлийн Онцгой байдлын газраас хийсэн мэдээлэлд дээврийн хэсэгт гарсан галыг унтраахад багагүй бэрхшээл тулгарсан. Төв зам дагуух тролейбусны шугам, холбоо харилцааны шугамууд зам талаас нь галын машинуудыг ойртоход саад болж байсан тул байрны урд талаас нь машинаа байрлуулж галыг унтраасан. Ингэхэд хүртэл зам хааж, нэвтрэхэд твэгтэй байсныг дурдлаа.

Гал сөнөөгчид 11 иргэнийг галд эрсдэхээс хамгаалж амь насыг нь аварсан ба тэдгээр иргэдийн хоёр нь эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж. Галыг унтраах үед 40, 42 дугаар байрны дээд давхрын бүх оршин суугчдыг гадагш гаргаж, аюулгүй байдлыг хангасан байна. Галын шалтгааныг одоогоор тодорхойлж амжаагүй байгаа ч цахилгааны шугамын гэмтлээс болсон байж болзошгүй гэнэ.

Төв замын хөдөлгөөнийг хаан, гурван цаг гаруй хугацаанд ажилласны дүнд 40, 42 дугаар байранд гарсан галыг бүрэн унтрааж, иргэдийн амь нас өмч хөрөнгийг авран хамгаалаад байна.

Дашрамд дурдахад энэ галын өмнө БГД дэх Модны хоёр орчимд мөн гал гарч тухайн үед нь шуурхай унтрааж аюулгүй болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ