Дахиад 100 гаруй наадам биднийг хүлээж байна

Монгол төрийн наадам түмэн олноо баясган өндөрлөж, их эзэн богдынхоо есөн хөлт цагаан тугийг буцаан залаад байна. Наадамчин олон маань Төв цэнгэлдэх, Хүй долоон худагтаа бөхтэй, морьтой, харваатайгаа наадсаны эцэст өнөөдрөөс албан ёсоор ажлын өдрүүд эхэлж байна.

Гэтэл цаана нь дахиад лав 100 гаруй наадам биднийг хүлээж байна гэх мэдээг сурвалжлагчаасаа сонсуут цочих шиг болов.Аймгуудын наадам ихэнх нь өнгөрч лавтай таван аймаг наадмаа удахгүй хийх хэдий ч улсын хэмжээнд 118 сум тэгш ойгоо тэмдэглэж наадамлах аж.

Мөн янз бүрийн уул овоо тахилга, бүсийн хурд, мэлмий гийсний наадмууд нийлвэл нээрээ л 100 хол давсан том жижиг наадам ирэх өдрүүдэд болох юм байна.

Монгол үндэстний дэлхийд онцгойрох дээл бүсэн гоёлтой наадмаа бид хийхгүй хэн хийх вэ гэж бодогдох хэдий ч улстөрчдийн харгайгаар унаж бүдэрч яваа эдийн засаг маань энэ олон наадмын хөлд бүр дордох вий гэсэн айдас өөрийн эрхгүй төрж байна.

Төв цэнгэлдэхэд наадмын нээлтийн ажиллагаа бас бус зүйлд 1 тэрбум төгрөг төсөвлөсөн гэж буруу хараагүй бол хэвлэлүүд бичсээр байгаа. Дээр доргүй бүсээ чангалж хямралын үеийг даван туулая, ач холбогдол багатай төслүүдийг санхүүжүүлэхээ больё, гадаад дотоодод явах зардлаа хумия гэж өч төчнөөн ярьсан хэдий ч наадам болонгуут төсвийн мөнгийг баруун солгойгүй цацах ч гэж дээ.

Ингэж дээрээсээ буруу үлгэр үзүүлэхээр орон нутгийн төсөв зарцуулан захирах эрхтэй хөөрүү баярхуу хэдэн аймаг, сумдын дарга нар яах нь ойлгомжтой биздээ. Ноднин лав Завхан аймаг наадмаараа 2222 морин хуурч хуурдуулж, Өвөрхангай аймаг 1500 хурдан морьд уралдуулан Гиннест бүртгүүлнэ гэх мэт олон мэдээллүүд явсан. Өнөө жил ийм завхрал сумын хэмжээнд очих вий хэмээн халаглах хүмүүс ч зөндөө байна.

Аймаг сумын засаг дарга нар болж л өгвөл 1024 бөх барилдуулчих гээд, орон нутгийн сан, орон нутгийн зөвлөлөөсөө аль болох их мөнгө хөрөнгө гаргуулж бусад аймаг сумдаасилүү гарчих юмсан гэсэн өдрийн бодол шөнийн зүүдтэй наадмаа угтдаг гэх.

Тэгээд л юун бүсээ чангалах, жудгаа алдсан бөх нэртэй хэдэн махан толгойтнуудыг омтгойруулж хамаг хөрөнгөө 100 гаруй наадамд ингэж цацахыг гадаадынхан харвал эдийн засаг нь хямарсан ч юм шиг хямраагүй ч юм шиг хэмээн гайхах бизээ.

Н.Алтанхуягийн Засгийн газрын эдийн засгаа сайжруулах 100 хоногийн лав 30-д монголчууд бид наадамлаж өнгөрөөх бололтой. Ирэх өдрүүдэд болох 100-гаад наадамд төрийн албан хаагчид тус тусын нутаг орон руугаа үй зайгүй цувснаар наадмын маргааш намар гэдэг үг мартагдаж замын түгжрэл л хэсэгхэн зуур багасаж гялайх төлөвтэй.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ