Нөгөөдөр "Алтаргана" наадам эхэлнэ

Энэ долдугаар сарын дундуур Хэнтий аймгийн Дадал сум их эзэн Чингис хааны мэндэлсэн өлгий нутагт “Алтаргана” их наадам 20 жилийн ойтойгоо золгож, анхны довон дээрээ 11 дэх удаагаа болох гэж байна.

Хээр талд алтлаг дэлбээгээ тэнгэр өөд дэлгэсэн нэгэн сайхан цэцэг ургадаг. Энэ бол байгалийн олон өнгө дундаас жил болгон онцгой сайхан ялгардаг алтаргана цэцэг билээ. Дэлхийн олон үндэстний соёл дотор буриад зоны уламжлалт дуу хуур, бүжиг наадмын үнэ цэнэ өөрийн гэсэн өвөрмөц байр суурь эзэлдэг. Буриадын ард түмэн үндэсний зан заншил, ёс журам, гоо зүйгээ ихэд эрхэмлэдэг нь тэдний эрүүл саруул бие бялдар, бүтээлч хүч чадлын гэрч болж, урлагийн авьяас, үндэсний спортын төрлүүдээр ньилрэн гардаг.
Буриадын ард түмнийурлаг, соёл, спортын уламжлалыг сэргээн хөгжүүлэх зорилгоор “Алтаргана” наадмыг арван удаа амжилттай зохион байгуулсан юм. “Алтаргана” их наадам өнгөрсөн зууны ерээд оны дундуур Монгол Улсад дуу, бүжгийн уралдаанаар эхэлж үүссэн түүхтэй. Тэр үед улс оронд ардчилсан үйл явц өрнөж,буриад түмний соёл, уламжлал сэргэн хөгжиж байв.
Энэ сард болох наадамд ОХУ-ын Буриад улс, Чита мужийн Агийн буриадын тойрог, Өвөрмонгол, Халимаг, Тува болон гадаадад суугаа буриад үндэстний төлөөлөгчид ирж оролцоно. Тэд урлагийн авьяас билгээ дэлгэхийн хамт хүчит бөх, эрхий мэргэн харваа, морин спортын төрлүүдээр өрсөлдөн наадахаас гадна уламжлал ёсоор төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулахаар бэлтгэж байна. Наадам анх удаа Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох юм.

“АЛТАРГАНА” НААДМЫН ОН ДАРААЛЛЫН ХУУДСЫГ СӨХВӨЛ:
1994 он. Iих наадам.Хэнтий аймгийн Дадал сум
Буриад дуу хуурын наадам анх удаа Хэнтий аймгийн Дадал суманд болжээ. Энэ наадамд Хэнтий, Дорнод, Булган, Сэлэнгэ аймгийн буриад зоны төлөөлөгчид оролцож, нутгийн олон түмэн ч өргөнөөр дэмжин оролцсон нь тэмдэглүүштэй.
1996 он, II их наадам. Хэнтий аймгийн Биндэр сум
Энд болсон “Алтаргана” хоёрдугаар их наадамд албан ёсны 90 төлөөлөгч оролцжээ. Өргөн Ононы эрэг дээр болсон энэ наадамд ОХУ-ын Чита мужийн Агийн буриадын автономит тойргийн төлөөлөгчид анх удаа оролцсон байна.
1998 он. III их наадам. Хэнтий аймгийн Батширээт сум
Буриад ардын дуу дуулаачдын гуравдугаар тэмцээн 1998 онд Хэнтий аймгийн Батширээт суманд болжээ. Тэмцээний хүндэт зочноор Монгол Улсын ардын жүжигчин Д.Жаргалсайхан уригдсан байна. Дууны уралдаанд Агийн тойргийн нэгдүгээр дунд сургуулийн “Залуу нас” хүүхдийн хамтлаг амжилттай оролцов. Ардын жүжигчин Д.Жаргалсайханы санаачлагаар дараачийн “Алтаргана” их наадмыг 2000 онд Дорнод аймгийн Дашбалбар суманд зохион явуулахаар шийдвэрлэв.
2000 он. IV их наадам. Дорнод аймгийн Дашбалбар сум
“Алтаргана” дөрөвдүгээр их наадам 2000 оны наймдугаар сарын 4-8-ны өдөрДорнод аймгийн Дашбалбар сумын нутаг Улз голын эрэгт болсон байна. Наадамд Бүх буриадын урлагийн хөгжлийн холбооны ерөнхийлөгч Д.Дугаров, ОХУ-ын ардын жүжигчин К.Базарсадаев нар уригдан оролцов. Энэ үеэр хурдан морь уралдаж, хүчит 128бөх бяр тэнхээ, ид хаваа гайхууллаа. Дууны тэмцээнд хамгийн олон 200 хүн оролцжээ. Дараачийн наадмыг ОХУ-ын Чита мужийн Агийн буриадын тойрогт явуулах саналыг Монголын тал гаргасныг анд нөхөд нь талархалтайгаар хүлээн авчээ.
2002 он. V их наадам. ОХУ-ын Чита мужийн Агийн буриадын тойрог
“Алтаргана”V их наадмын түүхэнд анх удаа ОХУ-ынбуриадын гурван субьект Буриад улс, Усть-Орд, Агийн тойрог болон Москва, Эрхүү хотын буриадууд, мөн Өвөрмонголын Хөлөнбуйр аймгийн төлөөлөгчид анх удаа оролцжээ. Үүнээс хойш тус наадам олон улсын статустай болов. Наадмын нээлт “Байгалийн цэцэг” бүжгээр эхэлж, ОХУ-ын Думын гишүүн, ардын жүжигчин И.Кобзон ая дуугаа өргөж, Агийн тойргийн “Амар сайн” дуу, бүжгийн чуулгын тоглолт онцгой сонирхол татлаа. Ийнхүү “Алтаргана” наадам буриадын язгуур урлаг, уламжлал, зан үйлийн баяр болсон бөгөөд улс орон, бүс нутгуудын хооронд эдийн засгийн харилцаа тогтооход тус дөхөм үзүүлж байна.
2004 он. VI их наадам. Дорнод аймгийн Чойбалсан хот
“Алтаргана” VI их наадам 2004 оныдолдугаар сарын 23-25-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод болсон юм. Их наадамд ОХУ-ын Буриадын гурван субъект, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Мөнгөн, Алтан, Эвенк сумын төлөөлөгчид,Монгол Улсын найман аймаг, Улаанбаатар хотын төлөөлөгчидоролцжээ. Энэ их наадам буриадууд оршин суудаг орнуудын хооронд харилцан ойлголцох, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, хэл, соёлоо хадгалан хамгаалах, оюуны талаар харилцан бие биеэ баяжуулахад шинэ түлхэц болсон юм. Наадмын үеэр төлөөлөгчид Халхын голын дайнд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөсөн байна.
2006 он. VII их наадам. ОХУ-ын Буриад Улсын нийслэл Улаан-Үд хот
Буриадын олон улсын “Алтаргана-2006” VII их наадам 2006 оны зургадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 3-нд Буриадын нийслэл Улаан-Үд хотод болсон юм. Энэ баяр янз бүрийн орон, бүс нутагт оршин суудаг буриадуудын амьдралын мартагдашгүй үйл явдал болсон билээ. Уг баярт Москва, Санкт-Петербург, Новосибирск, Чита, Эрхүү муж, Агийн болон Усть-Ордын буриадын автономит тойрог, Буриад, Тува, Саха-Якут, Монгол, Хятад, Казахстаны 5000 гаруй төлөөлөгч оролцжээ. Баярын үеэрязгуур урлагийн тэмцээн, буриадын ардын болон орчин үеийн дуу, гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болж, ардын гар урлагийн үзэсгэлэн ажиллаж, орчин үеийн уран барилгын конкурс, олон улсын шинжлэх ухаан, практикийн бага хурал зохион байгуулсан юм.
2008 он. VIII наадам. ОХУ-ын Эрхүү хот
Эрхүү мужид болсон буриадын олон улсын “Алтаргана-2008”их наадамд3000 гаруй төлөөлөгч, зочин оролцсон байна. Ангарск, Эрхүү, Шелехов хот, Усть-Орд тосгон, Черемушка сууринд төрөл бүрийн бүтээлч уралдаан тэмцээн болов. Англи, Франц, АНУ-аас ч төлөөлөгчид иржээ. “Буриадын нэг өдөр” өдөрлөг, “Тоонот нутаг” дууны уралдаан, Буриад үндэсний орчин үеийн хувцасны үзэсгэлэнзочид төлөөлөгчдөд сайхан дурсамж үлдээсэн байна.
2010 он. IX наадам. Монгол улсын Улаанбаатар хот
Буриадын олон улсын “Алтаргана-2010” их наадам Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болж, гадаадын зочид төлөөлөгчид өргөнөөр оролцов. Зөвхөн ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаараас гэхэд 300 хүн ирсний дотор 190 нь урлагийнхан, 90 нь тамирчид байлаа. Орчин үеийн зохиолын дуу, яруу найргийн тэмцээн, сэтгүүлчдийн бүтээлийн уралдаан болсноороо онцлогтой. Энэ наадамд эрийн гурван наадам жинхэнэ ёсоор боллоо.
2012 он. X наадам. ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаарын Агийн буриадын тойрог

Х.Ариунбаатар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ