Г.Сарангэрэлийн аав: Охиныг минь золиослож байна

Хар тамхи хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй Г.Сарангэрэл нарт холбогдох таван хүний шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд боллоо.
Хуралдаанаар Г.Сарангэрэлийн өмгөөлөгч Ц.Баасандорж хавтаст хэрэгтэй танилцаагүй учир хойшлуулах хүсэлт гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авснаар хурлыг энэ сарын 28-ны өдрийн 13.00 цаг хүртэл хойшлууллаа.
Өмгөөлөгч Ц.Баасандорж нь өмнөх шүүх хурал буюу энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Г.Сарангэрэлд албан ёсоор өмгөөлөгч үзүүлж эхэлжээ. Тиймээс хэргийн материалтай танилцаж амжаагүй учир хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс хүссэн байна. Өмнөх шүүх хуралдаан энэ сарын 7-нд товлогдсон ч Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Батбаяр нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг гаргасан учир хурлыг хойшлуулаад байсан юм. Энэ удаагийн хурал эхэлмэгц өмгөөлөгч Батбаяр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтээ дахин гаргасан боловч бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсангүй. Мөн Г.Сарангэрэлийг биеийн байдал муу учир батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй байна.
Хурал хаалттай явагдсан. Таван шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй хүүхдүүд учир ийнхүү хаалттай явагдаж байгаа юм. Тэдний батлан даалтад гарах хугацаа энэ сарын 2-нд дуусгавар болсон гэж өмгөөлөгч Г.Батбаяр мэдэгдсэн. Тиймээс шүүгдэгч Г.Сарангэрэл нарыг хууль бусаар цагдан хорьж байна гэж үзэж байгаа юм. Харин шүүхээс Г.Сарангэрэл нарыг шүүн таслах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэж цагдан хорих арга хэмжээ авчээ.
Энэ талаар Г.Сарангэрэлийн аав Г.Ганбаатар “Миний охиныг хууль бусаар цагдан хорьж байна. Хоригдох хуулийн хугацаа нь дууссан гэсэн. Охиныг минь ингэж золиосолж байгаад гомдож байна. Г.Батбаяр өмгөөлөгч энэ хэрэгт үнэхээр хүчин мөхөсдөж байна” гэлээ.
Г.Сарангэрэл нар өнгөрсөн гуравдугаар сарын 2-ны шөнө Халиун гэгчээс хар тамхи авч хэрэглэсэн хэрэгт буруутгагдан ийнхүү шалгагдаж байгаа юм. Тиймээс Г.Сарангэрэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан хэрэгт буруутгаж байна. Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх юм.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ