Монголд айлчлаад огцрох шахав

Энэ сарын 8-12-нд Монголд айлчилсан Кыргызстаны Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаев айлчлалынхаа хугацааг хэтрүүлсэн хэргээр сөрөг хүчний депутатуудад байцаагдаж, золтой л огцорч орхисонгүй.
Хэдийгээр манай ГХЯ-наас анхнаасаа түүнийг тав хоногийн хугацаатай айлчилна гэж мэдэгдэж байсан ч эрхэм Ерөнхий сайд нутагтаа нэг өдрийн айлчлалаар Монголд зочилно гэж худлаа залсан бололтой. Нэг өдөр өнгөрсөн ч Ерөнхий сайд нь ирэхгүй байсан тул депутатууд түүнийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Тэд Оторбаевыг айлчлалаа хэтрүүлж, тав хоног амарсан, Тажикстан Кыргызстаны хил дээр буудалцаан болж, онц байдал гараад байхад ч эх орондоо яаран ирээгүй хэмээн буруутгаж байгаа юм.
Сөрөг хүчний депутат Равшан Жээнбеков “Улс эх оронд ус байхгүй, юмны үнэ нэмэгдэн, эдийн засаг сүйрч, дархан хил дээр буудалцаан болж байхад Ерөнхий сайд гадаад оронд тав хоног байж болохгүй.
Дээд тал нь хоёр хоног айлчлах бол яахав гэхэд манай Ерөнхий сайд бүтэн тав хоног Монголд зугаацлаа. Хэрэв Тажикстан Кыргызстаны хил дээр будлиан гараагүй бол түүнийг байхгүй байгааг хэн ч анзаарахгүй байж болох байлаа. Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн алба нь түүнийг Кыргызстанд байгаа гэж худлаа мэдэгдсэн нь ч байж болохгүй зүйл юм” гэж шүүмжилжээ.
Харин Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн албаны дарга Гульнура Торалиева “Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлал маш үр дүнтэй болсон. Монголын Ерөнхийлөгчөөс эхлээд олон том албан тушаалын хүмүүстэй уулзсан. Уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт үнэтэй туршлага солилцсон” гэж даргаа хамгаалсан байна.
Ерөнхий сайдтай цуг Монголд ирсэн депутат Чыныбай Турсунбеков “Ерөнхий сайд тусгай онгоцоор явсан бол хүссэн цагтаа эх орондоо харьж болох байлаа. Гэвч тэр жирийн иргэд шиг суудлын онгоцоор явсан болохоор дараагийн онгоцыг хүлээхээс өөр аргагүй болсон” гэжээ.
Ерөнхий сайд Джоомарт Кайпович Оторбаевын Монгол дахь айлчлалын бүрэлдэхүүнд эвслийн бүлгийн Омурбек Текебаев, Чыныбай Турсунбеков, Феликс Кулов гэсэн лидерүүд багтсан нь Кыргызстаны сэтгүүлчдийг “Хар л даа. Дандаа эвслийнхэн хамтдаа явсан байна. Тэд алс хол Монголд айраг ууж, хонь идээд намар хийх улс төрийн тоглоомоо найруулж байсан байх” гэж бичихэд хүргэсэн байна.
М.Сугар-Эрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ