Жудгаа гээсэн бөхчүүд

Нутгийн өвгөн ах маань наадмаар бөх үзэхээр хотод ирэхэд нь хэд хоног гэртээ зочлов. Улмаар Төрийн наадмын хоёр дахь өдөр Төв цэнгэлдэхэд гурвын даваанаас эхлэн шавайгаа ханатал бөх үзсэн билээ. Гэвч өвгөн ах цаанаа л нэг сэтгэл гундуухан байгааг би ажаад зочноо тав тухгүй байлгав уу хэмээн санаа зовиносон юм. Үүнийг маань мэдсэн мэт ийнхүү хүүрнэв.

Одооны залуу бөхчүүд уг нь том цолтой бөхөөс эмээж бэргэнэ гэхгүй ана мана ач тач үзэлцдэг болж. Энэ нь нэг талаар сайн боловч нөгөө талаар том цолтой бөхчүүдийн чадал чансаа, чанар муу байгааг харуулж байна. Цол дагаж бяр нэмдэг жишээ одооны бөхчүүдэд цол дагаж авир омог, алт мөнгө нэмнэ гэж ойлгогддог болсон бололтой. Ер нь л энэ цаг үеийн бөхчүүд жудагаа гээчихсэн байна. Нэг нь эвгүйхэн мэх хийгээд унагахад нөгөөх нь босож ирээд өөдөөс нь цохиод авдаг болж. (толгой сэгсрэв. Энэ нь мэдээж дөрвийн даваанд аймгийн арслан М.Бат-Отгон улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсоныхоо дараа нүүр рүү нь дэлссэнийг хэлсэн хэрэг)

Жудаг ёсоо дээдлэх бөхийн дэвжээнд дуртай болгон руугаа гар далайж ааг омог уур хилэнгээ гаргадаг явдал байнга гардаг болжээ. Энэ чинь л одооны залуусын жудгаа гээсний илрэл шүү дээ. За тэгээд хойч үедээ үлгэр үзүүлэх аварга арслангууд ч бөхийн ёс жудаг гээч юмыг мартсан бололтой.

Батсуурь харцага аавыгаа дууриалгүй улсын арслан хэмээх өндөр цолны нэр төрийг сахиж, зүлэг ногоон дэвжээндээ дахин түрүүлвэл сайнсан хэмээн өвгөн ахыг өгүүлэхийг би нэгд нэгэнгүй сонсов.

Энэ жилийн наадмын түрүү болсон Н.Батсуурь харцагыг юуны учир ийн өгүүлсний учрыг ч би төд удалгүй олов. Учир нь Н.Батсуурь харцагын аав Г.Намсрайжав харцага 2012 онд албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн биед халдаж зодож цохисон ёсгүй хэрэг хийж улсын цолтой бөх хүний жудгийг уландаа гишгэж, гурван сар хорих ял авч байсныг битүүхэн дурдсан бололтой.

Н.Батсуурь харцагыг аав шигээ ийм ёсгүй зан авир гаргаж бөхийн өндөр цолыг бүү сэвтүүлээсэй, Төрийн наадамдаа дахин дахин түрүүлж дархан цолоо дуудуулаасай гэсэн жирийн нэгэн бөхийн хорхойтны хүсэл ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ