Г.Алтанхүү эхнэрээ хөнөөгөөгүй нь тогтоогджээ

Найз бүсгүйгээ зодож амь насанд нь хүрсэн хэрэгт буруутгагдаад байсан Г.Алтанхүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Г.Алтанхүүг найз бүсгүйнхээ амь насанд хүрсэн гэж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж байсан. Гэвч мөрдөн байцаалтын явцад Г.Алтанхүү нь найз бүсгүйнхээ амь насанд хүрсэн болох нь тогтоогдоогүй байна.
Тиймээс Г.Алтанхүүд үүсгээд байсан зүйл ангийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар ангид зааснаар өөрчилжээ. Тус зүйл ангид бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна.
Мөрдөн байцаалтын явцад н.Цэдэн-Ишийг архины гүн хордлогод орж амиа алдсан гэх гурван удаагийн шинжээчдийн дүгнэлт гарсан. н.Цэдэн-Ишийг олон хоног дараалан архи уусны улмаас цөсний суваг, хүүдийн хананд гэмтэл үүсч, хэвлийн гялтанг үрэвсүүлэн хэвлийн хөндийд шингэн хуралдах хавсарсан байдлаар элэгний үйл ажиллагаа доройтсон. Улмаар олон эрхтний дутагдалд орж нас барсан гэсэн дүгнэлт гарсан байдаг юм.
Учир нь н.Цэдэн-Иш найз залуу болох Г.Алтанхүүтэй өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 3-5-ны өдөр хүртэл гурван өдөр дараалан архи уусан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ. Улмаар дараалан архи ууснаасаа долоо хоногийн дараа бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн байна.
н.Цэдэн-Ишт хоёр удаа мэс засал хийсэн ч үр дүнгүй болж, өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-ны өглөө амиа алдсан юм.
Хэдийгээр Н.Цэдэн-Иш нь архины хордлогоор нас барсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон ч Г.Алтанхүү нь Н.Цэдэн-Ишийг хоёр удаа зодож, биед нь хүн гэмтэл учруулж байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байдаг.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ