Дэлхийн хамгийн өндөр бүсгүй Гиннест бичигдэв

Туркийн 17 настай Румеиса Гелги бүсгүй 2 метр 13 сантиметр өндөр бөгөөд түүнийг дэлхийн хамгийн өндөр бүсгүй гэж албан ёсоор зарлажээ. Бяцхан жишээ дурдахад тэрээр NBA-гийн Хьюстон Рокитс багийн тоглогч байсан Хятадын нэрт сагсан бөмбөгч Яо Минээс үл ялиг намхан юм. Яо Мин 2 метр 29 см-ийн өндөртэй билээ. Румеиса Гелги түүний төрөлх Сафранболу хотод болсон тусгай танилцуулах арга хэмжээний үеэр Гиннесийн номын редакциас шагнал гардаж авсан байна.
Румеиса дунд сургуулийн 11-р ангийн сурагч бөгөөд эцэг, эх, ах, эгч нарынхаа хамт амьдардаг байна. Тэдний бусад хүүхдийн өндөр нь хэвийн ажээ. Румеисагийн өндөр нь маш хурдан өсгөлүүн болгодог генетикийн ховор өвчин болох Уитерийн хам шинж гэж нэрлэгддэг өвчинтэй холбоотой гэнэ. Түүнчлэн бүсгүй ер бусын том гар, хөлтэй ажээ. Румеиса 47 размерын гутал өмсдөг байна.
Өндөр бие нь бүсгүйд зөндөө их түвэг, түүний дотор хөдлөж явахад тээр учруулдаг. Тэр явахын тулд тусгайлан зориулж хийлгэсэн тэргэнцэр болон түшлэг хэрэглэдэг ажээ. Бүсгүйн гутлыг бас тусгай захиалгаар хийлгэдэг байна.
“Миний энэ байдал надад сонирхолтой, өөрийгөө онцгой хүн гэж мэдрэхэд маань тусладаг. Өндөр нуруутай болохоор би хамгийн өндөр тавиур дээрх зүйлсийг ч түвэггүй харж чадна, үүнээс гадна өөр хэн ч миний дээрээс харна гэж үгүй” хэмээн түүний хэлснийг Mail Online иш татжээ.
Доктор Омер Хакан Явасоглу бүсгүйг албан ёсоор хэмжсэн бөгөөд Гиннесийн номын дүрмийн дагуу, нэг өдрийн туршид гурван удаа хэмжих шаардлагатай ажээ.
“Гиннесийн ном дэлхийн хамгийн ер бусын хүмүүсийг л хүлээн зөвшөөрдөг. Румеиса өөрийн өвчнийг эс тоон, гайхалтай тэсвэр тэвчээртэй, эрэлхэг зоригтойгоо харуулж байна, түүнтэй уулзаж, түүнд шагнал гардуулах нь их нэр төрийн хэрэг юм” гэж Гиннесийн номын албан ёсны төлөөлөгч Сейда Субас-Гемиси хэлжээ.
Румеиса цаашид өндөр болохгүй, тиймээс бүсгүй дэлхийн хамгийн өндөр хүн, нутаг нэгтэн Султан Косены дээд амжилтыг эвдэж чадахгүй гэж эмч нар түүнд хэлсэн байна. Косен 2 метр 51 сантиметр өндөр ажээ.
Өмнө нь Канадын Анна Хейнинг Свон хамгийн өндөр бүсгүйд тооцогдож байсан бөгөөд тэр 2 метр 41 сантиметр өндөр байжээ. Түүхэнд хамгийн өндөр хүн бол америкийн Роберт Уодлоу бөгөөд 1940 онд түүний өндөр 2 метр 72 сантиметр байсан байна. Румеиса ирэх есдүгээр сард хэвлэгдэх 2015 оны Гиннесийн номд орно.








С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ