УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярт 2.1 жилийн ял оноож хорих анги руу ачлаа

НИТХ-ын дарга асан Т.Билэгт, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр өглөө Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд эхэлснээс хойш үргэлжилсээр дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ сонсгосноор өндөрлөөд байна.
Т.Билэгт болон н.Маналжав, н.Чанцал нарыг шүүхээс гэм буруутайд тооцсон хэдий ч үйлдсэн хэргийн харгалзах хугацаагаар нь 2009 оны Өршөөлийн хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин нийслэлийн Засаг дарга, УИХ-ын гишүүн асан Ц.Батбаярыг мөн хэрэгт гэм буруутайд тооцож 2.1 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болж дөнгөж сая шүүхийн танхимаас ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 анги руу ачигдлаа. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулсан бол дээд тал нь 10 жилийн хорих ялаар шийтгүүлэх заалттай.
Т.Билэгт, Ц.Батбаяр нар нь Нийслэлийн Засаг дарга болон Өмч хувьчлалын комиссын даргын ажлыг давхар хашиж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 605 сая төгрөгийн үнэлгээтэй “Өргөө” зочид буудалыг татан буулгаж, Н.Энхбаярын хүү Э.Батшугарын нэр дээр байгуулсан “Хар дун” компанийн өмчлөлд шилжүүлсэн.
Улмаар уг компанийг Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн үрэгдүүлж, Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгагдсан.
Мөн Т.Билэгтийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хоёр тэрбум 125 сая төгрөгийн үнэлгээтэй “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяагийн “Медиа холдинг” компани, Д.Чулуунбаатар нарын нэрээр хувьчилж, улмаар Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Эскон” компанийн охин компани болгон шилжүүлэн, үрэгдүүлж Нийслэлийн өмчид онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг гардан үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа юм.
Б.Золбоо
шүүх дууссан билэгтийг 2??% чанцал маналжав батбаяр гэм буруутайд 2.1
СЭТГЭГДЭЛ БИЧИХ