Засгийн газарт фракцуудын хуваарилалт яаж өөрчлөгдөх вэ

АН эрх мэдэлд хүрэхээрээ хоорондоо хөлөө жийлцээд эхэлдэг улстөрчдийн муу имиж, муухай занг таягдан хаяж, хэн нь ч хэнийгээ гомдоохгүйгээр бялуугаа тэнцүү хувааж Шинэчлэлийн Засгийн газрыг эмхлэн байгуулаад хоёр жил боллоо.

Найман сартай байхдаа анхны огцруулах бичгийг сөрөг хүчнээс хүлээн авсан ч парламентад олонхийг бүрдүүлж буйнхаа хүчээр тэсээд үлдсэн. Түүний дараа улс орны эдийн засгийн байдлыг өмнөхөөс муутгасан, үүнд тохирсон арга хэмжээ аваагүй гэсэн ерөнхий үндэслэлээр өнгөрсөн арванхоёрдугаар сард Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын нэр дээр мөн л ийм бичиг хүлээж авсан ч “огцруулах шаардлагагүй” гэсэн шийдвэрийг гарсан.

Эцэс сүүлдээ сөрөг хүчин бус Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын гишүүдийн “Давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл эгээтэй л Н.Алтанхуягийн танхимыг хөмөрчихөөгүй. Удаа дараагийн унагах төлөвлөгөөнд тэсвэр тэвчээртэй байсан нь албан тушаалын бялууг эн тэнцүү хувааж чадсаны ач тус гэлтэй.

Гэвч Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар ирэх намрын чуулганаар хөл хөдөлгөөнд орох нь тодорхой болжээ. Анхандаа фракц хоорондын тохиролцоогоор хоёр хоёр жилийн хугацаатайгаар гүйцэтгэх засаглалыг тэргүүлнэ гэсэн бор шувуу нисч байсан. Тэрхүү бор шувууны үлгэр биеллээ олсон уу, ямартай ч засагт салхи орох цаг нь иржээ.

Гэхдээ салхи оруулах тохиролцоог гүйцэтгэх засаглалын тэргүүн төрийн тэргүүн болон ноён спикерээс гадна суудал юуг нь ганхуулаад байгаа Х.Баттулга гишүүнтэй хийнэ. Хэрвээ хэл амаа эвтэйхэн ололцож, хөнжил дотроо хөлөө жийлцэхгүй бол Н.Алтанхуяг суудалтайгаа үлдэнэ. Харин ганц хоёр яамдыг татан буулгах нэрээр туг тахиж, Шинэчлэлийн Засгийн газрын ерөнхий бүтэц бүрэлдэхүүнийг хадгалж үлдэх юм.

Ер нь бол гүйцэтгэх засаглалын тэргүүн суудлаа хадгалж үлдэхийн тулд бүхий л бололцоог судалж байгаа аж. Гэхдээ тэрбээр хэдийгээр танхимдаа хийх хөдлөгөөнийг Ц.Элбэгдорж, З.Энхболд гэсэн намын лидерүүдийн шахалтаар эхлүүлэх ч голтохиролцоо фракцуудын хооронд өрнөж учир эхлээд тэдний ая эвийг олох том даваатай учирна. Өнөөгийн Засгийн газрыг Н.Алтанхуяг тэргүүлж байгаа болоод ч тэр үү “Алтангадас” хамгийн олон суудалтай. Энэ нь зөвхөн яам толгойлж буй сайдын суудлаар хэлж буй хэрэг биш. Сайдаас доош ч эрх мэдэл чамгүй өндөртэй нөхдийг тоолоход “Алтангадас” яах аргагүй олон байгаа юм.

Харин сайдын хувьд аль ч засгийн үед албан тушаалтай үлдэж чаддаг сэргэлэн гэж тодотгож болох Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг болон аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүн, цаашлаад сайдын сэнтийд заларсан сүүхэйтэй Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нар “Алтангадас” фракцад харьяалагддаг. Энэхүү фракцтай эн тэнцүү өрсөлдөх УИХ-ын даргын удирдлаган дор байдаг “Шонхор” фракц байгуулагдаж, зарим эрхмүүд урвах болсон билээ.

Уг нь Ардчилсан намд МҮДН гэх томоохон фракц байсан. Н.Батбаяр мэтийн нөхөд бусад фракцад хүчин зүтгэх болсноор энэ фракцын хүч суларч өдгөө “Давхар дээл”-ээ тайлах хүсэлтэй байгаагаа дуулгаж байсан Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан болон Батлан хамгаалахын салбарыг удирдаж байгаа Д.Бат-Эрдэнэ нар байгаа.

Харин залуучуудын гэгдэх “Нэг ардчилал” фракцаас Л.Гантөмөр Боловсрол, шинжлэх ухааны яамыг, Х.Тэмүүжин Хууль зүйн яамыг удирддаг. Анх эдгээр залуучуудыг энэхүү суудалд суухад Н.Алтанхуягт ирсэн шахалт бөгөөд нөгөө талаар “залуучуудаа миний талд байгаарай” хэмээн толгойг нь илж байгаа өгөөш хэмээн үзэж байсан юм. Гэхдээ “Нэг ардчилал” фракцаас томилогдсон Л.Гантөмөр спикерийн тэргүүлдэг “Шонхор” фракцид хүчин зүтгэх хүсэлтэй байгаагаа дуулгасан бор шувуу нисч байна. Харин “Шонхор” фракцынхан түүнийг эгнээндээ элсүүлэх хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн байна.

АН-ын фракцууд дундаас хүн цөөнтэйд тооцогдох ч гол тархи хэмээн өргөмжлөгддөг “Зүүн хойд Ази” фракцаас Л.Болд Гадаад харилцааны яамыг удирддаг. Ганц суудал өгсөн нь цаанаа олон тохироотой. Тухайлбал, “Зүүн хойд Ази”-ас Э.Бат-Үүлийг Улаанбаатар хотын захирагчаар ямар ч өрсөлдөгчгүй тавьсан.

Түүнээс биш энэ фракцын гишүүн Л.Гүндалайгаас эхлээд сайдын суудалд гэтсэн хүн олон байсан. Ямартай ч хүн цөөнтэй гэсэн шалтгаанаар “Зүүн хойд Ази”-ийнхан Шинэчлэлийн Засгийн газрын хатавч хавиар суусан. Харин засаг унагах төлөвлөгөөг боловсруулсан гэгдэх МоАХ-ноос хоёр ч эрхэм сайдын суудалтай. Зам тээврийн сайд А.Гансүх болон Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж нар Х.Баттулгын МоАХ фракцид харъяалагддаг.

Гэхдээ энэ Н.Алтанхуягийн танхимд фракцаа төлөөлсөн цорын ганцууд хоёр ч бий. МҮАН-ын гэх тодотголтой Эрчим хүчний сайд М.Сономпил болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүн гэгддэг Ц.Оюунгэрэл нар бий.

Энэ мэтчилэн “Олон өнгөтэй нам” гэх тодотголтой Ардчилсан намд фракцын тогтолцоо нэгдүгээрт тавигддаг. Гэхдээ намрын чуулганаар Н.Алтанхуягийн тэргүүлсэн танхимд салхи орвол аль фракц хүч давуу болох бол гэдэг нь сонин. Урьдчилсан таамгаар спикерийн тэргүүлдэг “Шонхор” фракц болон “Давхар дээл”-ээ тайлсан Х.Баттулгын удирддаг МоАХ хүчээ нэгтгэж, сүрийг үзүүлэх байх. Харин гүйцэтгэх засаглалын тэргүүний удирдаж байгаа “Алтангадас”-ын хүч нь суларна. Харин МҮДН болон “Нэг ардчилал” фракцын хувь заяа хэрхэх нь сонин. Гэхдээ нэр ил байдгаас гадна аль ч намаас дэмжлэг авч мэдэх Увсын фракц хүч түрэн орж ирж магадгүй.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ