Нисдэг тэргээр зугаагаа гаргагсад

Саяхан Улаанбаатар хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болсон. Хуралд оролцох 104 орны 1215 төлөөлөгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийнхан өмнө нь тусгай ажиллагаа явуулж, хурлын үеэр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Гэтэл хурлын гурав дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 28-ны үдээс хойш 16 цагийн орчимд агаарт гэнэт нисдэг тэрэгний дуу гарч, улмаар Сүхбаатарын талбайн яг дээгүүр цайвар өнгийн Ми-8 зүүн хойноосоо баруун урагшаа тун нам доогуур нисч өнгөрөв. Энэ бол Буянт-Ухаад байрладаг зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэг ажээ.

Уг нь нийслэл хотын дээгүүр ямар ч онгоц шууд нисэх нь хориотой. Тэгээд бүр ямар ч зөвшөөрөлгүй шүү. Хэдийгээр энэ тохиолдол санамсаргүй байлаа ч гэсэн тийм цаг үед тийм хатуу журмыг зөрчиж, хэний зөвшөөрлөөр хэн нисдэг байна вэ.

Сайн нягталбал санаатай гэмээр энэ үйлдэлд хатуу хариуцлага тооцох ёстой атал таг чиг өнгөрөв. Манай улсад ийм төрлийн нисдэг тэрэг хоёрхон байдаг. Нэг нь АА-ийн 036 дугаар ангид, нөгөөх нь 303 дугаар ангийнх. Тэд хааяа арилжааны нислэг хийдэг.

Гэхдээ урьдын гашуун сургамж бий. 2001 онд Увс аймгийн Малчин суманд малчин айлын хотонд буух гээд осолдсон НҮБ-ын ажилтнууд болон УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсан нарын албаны хүмүүсийн сууж явсан Ми-8 хэвгий газар буух гэж оролдсоноос сэнсээрээ газар гуядан осолдож, олон хүний амь нас эрсэдсэн. Дараа нь түймэр унтраахаар цаг агаарын тааламжгүй нөхцөлд Онцгой байдлын албаны аврагчдыг суулгаж явсан Ми-8 нисдэг тэрэг Сэлэнгэ аймагт осолдсоноос 15 хүн үрэгдсэн.

Мөн эрхэм гишүүн асан “Симба” Батаагийн хөлөглөсөн Ми-8 үнэг хөөж яваад гэмтэн ослын буулт хийж, олныг шуугиулж байлаа. Энэ бүх ослын шалтгаан эрх мэдлээрээ далайлгасан албан тушаалтны дур зоргоороо авираас үүдэн гарч байсан ч хөөрхий муусайн нисэгч нар л хамаг бурууг үүрч, шүүхийн үүдэнд чулуу нясалсаар ялтай, ялгүй салж байсан билээ.

ЯлангуяаСэлэнгэ аймгийн нутагт болсон нисдэг тэрэгний осол нийгмийг ихээхэн хямруулж, дөрвөн сайдыг араасаа чирэхэд салхи шуургатай үед хөөргөх тушаал өгсөн салбарын сайд асан С.Отгонбаяр, тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Батлан хамгаалахын сайд М.Сономпил, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл нар арьсаа хамгаалж, уснаас хув хуурай гарч дөнгөсөн.

Ард түмэн ч ихэд бухимдсан. “Симба” Батаагийн үнэг хөөсөн нисдэг тэрэгтэй анг МАН-ынхан тоглоом шоглоомоор хаацайлаад өнгөрөөсөн. Гэтэл саяхан эрхэм гишүүн Ж.Энхбаяр мөн л нисдэг тэрэг хөлөглөн гахай агнаж, дагалдагчид нь фейсбүүк дээрээ зургийг нь тавьж гайхуулав.

Арай жаахан хариуцлагатай хандсан нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бурхан Халдун ууланд далуулаа төөрч мунгинасны эцэст араас нь эрж очсон нисдэг тэрэгнийхээ бензиний мөнгийг хувааж төлсөн явдал тооцогдоно.

Арилжааны нислэг нэрийн дор өнгө мөнгөөр гул барьсан баячууд нисдэг тэргээр зугаагаа гаргаж, нислэгийн аюулгүй байдлын дүрмийг санаатайгаар зөрчихөд хүргэсэн олон тохиолдлын хажуугаар зэвсэгт хүчний холбогдох томоохон албан тушаалтнууд мөнгөөр амаа үдүүлсэн хэвээр өдийг хүрэв.

Газар дээр ганц машин онхолдох, хоёр машин мөргөлдөхөөсхамаагүй илүү уршиг дагуулах онгоцоор наадаж, ялангуяа хотын төв дээгүүр нисэх нь юунд ч хүргэж болох билээ. Зэвсэгт хүчний Ми-8 нисдэг тэрэгний эмх замбараагүй нислэгтэй холбоотой удаа дараагийн хууль бус явдал яагаад нам дарагдаад байна вэ? Эрхэм генерал, хурандаа нар аа!

СЭТГЭГДЭЛ БИЧИХ