Хуулийнхныг атгасан “Эко” С.Нямдаваагийн барилга дахин хэдэн хүний аминд хүрэх вэ


Барилгын салбарт “Эко констракшн” гэх нэр хэдийнээ танил болсон. Гэвч нийслэлд чанаргүй барилга барьдаг гэдгээрээ алдартай болж. “Эко констракшн”-ы барьсан барилга үргэлж хэл ам дагуулдаг болсоор удлаа.
“Эко констракшн” бол нийслэл дэхь хамгийн ашигтай газруудыг худалдан авч, барилгаа эхлүүлдэг. Байршил, байрны үнэ ханш, үзэмж хийц, орчин нь аргагүй элитүүдэд зориулсан “Элитүүдийн барилга” ч гэж нэрлэдэг. Гэвч хүйтэн, зарим барилга нь цахилгаан шатгүй, хананд цууралт үүссэн гээд тус констракшныг тойрсон гомдол сүүлийн үед их гарах болов. Ялангуяа “Эко констракшн”-ыг чанаргүй барилга барьдаг, метр квадратыг дутуу боддог, ашиглалтад ороогүй барилга зардаг хэмээн ихээхэн шүүмжилдэг юм. Учир нь зарим иргэд одоог хүртэл байрныхаа ордерыг авч чадаагүй ажээ. Гэтэл энэ бүх гомдлыг эцэслэн шийдээгүй байтал “Экогийн чанаргүй” гэх барилгууд хоёр ч хүний аминд хүрч байсан удаатай.
Тодруулбал, Өнгөрсөн оны есдүгээр сард тус констракшны “Тэнгис” кино театрын хажууд бариулж буй барилгаас төмөр унаж, 25 настай залуугийн толгой бяц цохиж, бэртээсэн. Хэдийгээр яаралтай түргэн тусламж 103-аар ГССҮТ-д хүргэсэн боловч замдаа амьсгал хураасан харамсалтай хэрэг гарсан. Тэрхүү газрыг “Эко констракшн” авахдаа гоёмсог усан оргилуур барина хэмээн зураг сэлт харуулан талбай авсан байдаг. Гэвч удалгүй усан оргилуур бус худалдааны төв барьж эхэлсэн юм. Харин барилга баригдаж байхад тус барилгатай хэн ч хариуцлага тооцоогүй баригдсаар ийнхүү нэг хүний аминд хүрсэн билээ.
Тиймээс барилгын гүйцэтгэгч компанийн ажилтан н.Батбилэг, н.Оюунгэрэл нарт Эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар буюу хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчиж, хүний амь эрсдэхэд хүргэсэн хэмээн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа. Харин зөвшөөрөлгүй барилгыг үргэлжлүүлэн барих зөвшөөрөл олгосон МХЕГ-ын байцаагчийг авлига авсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгаж буй. Хэргийн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Хэдийгээр осол гарсан даруйд уг барилгыг иргэн Н.Мэндбаярынх хэмээн мэдэгдэж байсан ч, цаад эзэн нь “Эко констракшн”-ы С.Нямдаваа гэгддэг юм билээ.
Тэдний барьсан барилгын улмаас амиа алдсан нь зөвхөн уг осол биш.
Өнгөрсөн оны зун “Баянзүрх хотхон”-д орсон борооны улмаас тус байрны орчны жижүүр эмэгтэй амиа алдсан байдаг. Тухайн үед иргэд чанаргүй барилга барьснаас болж, ус нэвтэрч жижүүр амиа алдсан. Тиймээс хариуцлагыг “Эко констракшн”-аас нэхэх хэрэгтэй хэмээн бухимдаж байсан билээ.
“Эко констракшн”-ы барьсан барилгын гражид ус нэвтэрч хохирол учирсан хэрэг “Баянзүрх хотхон”-д төдийгүй Хан-Уул дүүрэгт барьсан барилгад ч мөн гарч байв. Тус барилгын гражид үерийн ус нэвтэрснээр олон машин хоорондоо мөргөлдөж, асар их хохирол учирсан байдаг. Гэвч тус хохирлыг одоо хүртэл барагдуулаагүй хэмээн иргэд гомдоллодог юм.
Мөн өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын зарим гишүүн Төв шуудангаас АТГ хүртэлх барилгуудад шалгалт хийж байв. Тэр үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Засгийн газрын 30" дугаар байрны хажууд Ерөнхийлөгчийн өвлийн ордон байдаг. Монгол Улс-ын Ерөнхийлөгч өглөө болгон үүдээрээ гардаг. Гэтэл хажуу талд нь гурван давхар аймшигтай өргөтгөл баригдаж байна. Нурах гэж байгаа барилгад наалдуулаад гурван давхар байшин шиг өргөтгөл барьчихсан. Үүнд хэн ч зөвшөөрөл өгөөгүй. Дотор нь аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байна. Дээрээс нь Ерөнхийлөгчийн аюулгүй байдалд асар том аюул учирч байгаа юм. Учир нь ард талын хашаанд 25 давхар барилга “Эко констракшн” барьж байна. Хэн тэр зөвшөөрөл өгсөн нь ойлгогдохгүй юм. Төрийн тусгай хамгаалалтын хууль яаж хэрэгжээд байна” хэмээн ярьж байлаа.
Гэтэл нөгөө Ерөнхийлөгчийн амь насанд аюул учруулаад байгаа барилгын ажил хавар болмогц эхэлжээ. Уг барилгыг зөвшөөрөлтэй байх байхгүй нь хамаагүй. Зөвшөөрөх ёсгүй газар зөвшөөрчихсөн байна хэмээн шалгалт хийсэн гишүүд шүүмжилж байв.
Ийнхүү хуулийнхны судсыг атгасан С.Нямдаваагийн хүний аминд хүрсэн гэх барилгын асуудал шийдэгдэхгүй хэвээр. Харин зөвшөөрөгдөхгүй газар барилгын ажил эхэллээ.
Тус констракшныг С.Нямдаваагийнх гэж ярьдаг ч, ард нь М.Энхболд байдаг хэмээн иргэд харддаг юм. Учир нь тус констракшн М.Энхболд хотын дарга байхад хүчээ авсан гэж ярьдаг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ