Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг саатууллаа

Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг гурван хүний хамт АТГ-аас энэ сарын 29-30-нд шилжих шөнө баривчлан саатуулсан тухай мэдээллийг дөнгөж сая АТГ-аас албаны эх сурвалж баталлаа.
Л.Гансүхийг Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс ихээхэн хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган шалгаж байгаа.
Мөрдөн байцаалтын явцад 3.6 тэрбумын хэрэгт холбогдсон нь тогтоогдсон юм. Хэдийгээр Л.Гансүх өөрийг нь шалгаагүй гэх мэдээллийг өгч байсан ч АТГ-аас албан ёсоор сэжигтнээр тооцон шалгаж эхэлснээ мэдэгдсэн байсан билээ.
Үндэсний аудитын газраас гаргасан дүгнэлтээр, урьдчилсан байдлаар 3.6 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан гэж гарсан. Мөн Л.Гансүхийг нийслэлийн иргэдийг нүүрсээр хангасан асуудалтай холбоотой төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат мэдээлсэн байдаг.
Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа иргэнийг саатуулахдаа ихэвчлэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулдаг.
Харин шаардлагатай тохиолдолд хөдөө орон нутгийн цагдан саатуулах ангид саатуулдаг юм. Энэ дагуу Л.Гансүхийг хөдөө орон нутгийн хорих ангид саатуулсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар Төв аймгийн хорих ангид саатуулж байгаа гэх мэдээлэл байна.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ