Парк бяцхан үрсийн амь насыг эрсдэлд оруулж байна

Үндэсний Соёл Амралтын хүрээлэнгийн галзуу хулгана тоглоом 16 хүний аминд хүрэх шахсан тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.

Мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тоглоомын аюулгүй байдалд шалгалт хийсэн талаараа мэдээлэл хийлээ.

Шалгалтаар галзуу хулгана тоглоомоос техникийн хэд хэдэн зөрчил илэрсэн байна.

Үндэсний Соёл Амралтын хүрээлэн өдөр болгон сар тутам тоглоомондоо үзлэг хийх ёстой.

Гэтэл өдөр бүр үзлэг хийж хэвшээгүйгээс үл буцаагч холбогч пүрш нь тасарсан, хамгаалалтын 24 вольтоор ажилладаг тог дамжуулагчийн тусгаарлагч гэмтэлтэй нь илэрчээ.

Ажилчдадаа тоглоомыг хэрхэн ажлуулах талаар зааж сургаснаас биш их, дээд сургууль төгссөн мэргэжлийн операторууд байхгүй гэнэ.

Галзуу хулгана тоглоомын операторын хувьд мэргэжлийн хүн биш байжээ.

Тоормозоо цаг тухайд нь дараагүй, анхаарал болгоомжгүй байдлаас зогсоол дээрээ зогсохгүй хэтэрч зогссоноос ийнхүү хүний амь насыг эрсдэлд оруулах шахжээ.

Тиймээс тус тоглоомын операторыг хариуцлага алдсан гэж үзэж байгаа аж. Одоогоор тус тоглоомыг зогсоож, жижиг гэмтлүүдээ арилгах үүрэг өгсөн байна.

НМХГ-ын дэд дарга М.Баасандорж: Галзуу хулганаас олон зөрчил илэрсэн

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Галзуу хулгана” тоглоом 16 хүний аминд хүрэх гэж байсан талаарх мэдээлэл гарч, олон хүнийг айдаст оруулаад байсан. Тэгвэл уг асуудлаар НМХГ-аас ҮСАХ-нд шалгалт судалгааг хийжээ. Ингээд энэ талаар НМХГ-ын дэд дарга М.Баасандоржоос цөөн зүйлийг тодрууллаа.

-Галзуу хулгана хүний аминд хүрэх шахсан. Энэ асуудлаар хийсэн шалгалтын дүнг танилцуулбал?

-Энэ сарын 24-нд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Галзуу хулгана” буюу дөрвөн цагирагт тойрог замын тоглоомд осол болж, тоглож байсан хүмүүс гэмтсэн гэсэн мэдээллийн цацагдсан. Мэдээллийн дагуу НМХГ-аас шалгалт хийхэд хэвлэл мэдээллээр цацагдаж байсан мэдээлэл яг тэр хэмжээгээр батлагдаагүй. ҮСАХ-гийн тоглоомын оператор Г.Тэмүүлэн гэх ажилтан өөрийн хариуцлагагүй ажиллагаанаас болж олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн болох нь тогтоогдсон.

-Тэгэхээр ямарч гэмтэл байгаагүй гэсэн үг үү?

-Операторын буруутай үйл ажиллагаанаас болж зогсоох тормозны нэгийг нь ажиллуулаагүйгээс тэнд тоглож байсан хүмүүст тодорхой хэмжээний чичиргээ, доргио үүссэн. Түүнээс биш тоног төхөөрөмж гэмтэж, тоглоомд гэмтэл учирч, үйл ажиллагааг нь зогсоож, хүн гэмтсэн зүйл байхгүй.

-Ер нь шалгалтаар өөр зөрчил илэрсэн үү?

-НМХГ нэгэнт энэ мэдээллийг аваад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар тодорхой зөрчлүүд илэрсэн. Нэгдүгээрт, ҮСАХ-гийн үндсэн болон гэрээт ажилчдын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх ажлын дүрэм журам төдийлөн мөрдөгдөж ажилладаггүй байсан. Мөн тус тоглоомын тормоз, аюулгүй ажиллагааны хэрэгслүүдийн ажиллагааг газар дээр нь шалгахад өгсөх замын тормозны урд талын пүрш байхгүй, хойд талын хөл буцаах пүрш тасарсан. Тоног төхөөрөмжийн өдөр тутмын шалгалтыг үзэж гүйцэтгээгүй байсан. Түүнчлэн, цуваа машины суудлыг бэхлэх, хаах зориулалт бүхий хамгаалалтын тусгаарлагчийн боолт хэсэг нь сэтэрсэн, мөн тус тоглоомын ашиглалтын өдөр тутмын зааварчилгааг мөрдүүлж ажиллаагүй байна гэсэн зөрчил гарсан.

-Тоглоомыг удирддаг хүмүүс мэргэжлийн ажилчид уу?

-Оператор болон үйлчилгээний ажилтан нь ажлын байрны үнэмлэхтэй боловч мэргэшүүлсэн үнэмлэхгүй, гэрээт ажилчдыг ажиллуулж байсан. Дараагийн зөрчил нь оператор болон үйлчилгээний ажилтанг аюулгүй ажиллагааны заавар авсан, ажлын байранд хуваарийн дагуу ажиллуулаагүйн улмаасанхаарал болгоомж дотоодын сахилга бат алдагдсан. НМХГ-аас 2013 онд шалгалж хийж байсан. Харин энэ онд шалгалт хийгээгүй. Тиймээс ирэх сарын 8-наас томоохон шалгалтууд дахин хийхээр төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ