Ц.Баасандорж: Л.Гансүхийг гудамж талбайд чирж гулдчиж баривчилсан

Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг Төв аймгийн урьдчилсан хорих төвд цагдан хорьж байна. Түүнийг Шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд хийгдэж буй “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд ихээхэн хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж байсан юм. Ингээд Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандоржтой ярилцлаа.

-Л.Гансүхийг яг хэзээ цагдан хорьсон юм бол? Ямар үндэслэлээр хорих болов?

-Долдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн цагдан хорьсон. АТГ-аас Л.Гансүхийг дуудан хуурч аваачаад байцаагч нь орой 18.00 цагийн үед цагдан хорих захирамжаа үзүүлээд цагдан хорьсон байгаа юм. Гудамж талбайд чирж, зарим нэг УИХ-ын гишүүд, олон нийтийн өмнө чирж, гулдчиж, хүнлэг бус харьцаж авч явсан байна лээ.

-Цагдан хорих захирамжийг аль шүүхээс гаргасан юм бэ?

-Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн шүүгч Олдвой захирамж гаргаснаар хоёр сар цагдан хорихоор болж байна.

-Цагдан хорьж байгаа үндэслэл нь?

-Цагдан хорих үндэслэлээ маш бүрхэг байдлаар тайлбарлаж байна. Бид тайлбарыг цагдан хорих үндэслэл хангалттай гэж үзэхгүй байна.

-Тодруулбал?

-Л.Гансүхийг Эрүүгийн хуулийн 273.2, 150.3-т зааснаар буруутган шалгаж байгаа. Цагдан хорих хоёр үндэслэл байдаг. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлах, хэргийн мөрдөн байцаалтад саад болж болзошгүй гэсэн үндэслэлээр цагдан хорьдог. Гэтэл яагаад миний үйлчлүүлэгчийг цагдан хорьсон нь ойлгомжгүй. Л.Гансүх оргон зайлаагүй. Ажлаа хийгээд л явж байсан. Хэргийн мөрдөн байцаалтад ч саад учруулсан үйлдэл байхгүй. Дуудсан үед нь АТГ-т очоод л явж байсан. Ийм байхад АТГ Л.Гансүхийг хорьчихлоо. Одоо хүнийг цагдан хорьдог байгууллага нь шүүх биш АТГ болсон байна.

-Уг нь сэжигтнүүдийг ихэвчлэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулдаг. Л.Гансүхийг Төв аймгийн урьдчиланхорих төвд саатуулсан нь ямар учиртай юм бол?

-Төв аймгийн урьдчилан хорих төв бол бусад хорих ангиа бодвол хамгийн хүнд нөхцөлтэй анги. Гэтэл Л.Гансүхийг Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан нь цаанаа улстөрийн ямар асуудлыг илэрхийлж байгааг бид мэдэхгүй байна. Хуулийн дагуу оршин суугаа газрынх нь харьяа цагдан хорих төв буюу 461 дүгээр ангид саатуулах боломжтой байхад заавал Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгож байна. Өмгөөлөгчдийн зүгээс энэ нь цаанаа олон учир шалтгаантай гэж харж байгаа.

-Хоригдсон өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байна гэсэн мэдээлэл байна?

-Хоригдсон өдрийнх нь маргааш өмгөөлөгч Н.Цэндсүрэнуулзах гээд очсон боловч ШШГЕГ-ын байгууллага уулзуулаагүй байна лээ. Өдөр 13.00 цагаас 18.00 цаг хүртэл хүлээсэн байсан. Эрүүгийн байцаан шийтгэх болон Үндсэн хуулийн дагуу гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгээ уулзах эрхтэй. Энэ эрхэнд АТГ ч тэр, ШШГЕГ ч тэр халдах эрхгүй. Гэтэл Л.Гансүхийг өмгөөлөгчтэй нь уулзуулаагүй. Энэ эрх ШШГЕГ-т байхгүй. Тиймээс бид Төв аймгийн урьдчилан хорих төвийн даргыг албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шалгуулна. Гомдол гаргана. Энэ дарга бол өмгөөлөгчийн үйлчлүүлэгчээ өмгөөллөөр хангах үйл ажиллагаанд ноцтой халдсан. Ингэснээрээ өмгөөлөгчдийн нэр хүндийг нийгэмд унагаж байна.

-Л.Гансүхийг саатуулсан нь“Нүүрс” хөтөлбөрийн саатуулсан уу эсвэл өөр хэрэг байна уу?

-Би Засгийн газрын мэдээллээс л харсан. Нүүрс хөтөлбөр 200 мянган төгрөгөөр зарагдаад байгаа нүүрсийг 80 мянган төгрөгөөр зарах хөтөлбөр. Энэ хөтөлбөрт Л.Гансүх зөвлөхөөр ажиллаж байсан. Энэ хүн өөрөө шийдвэр гаргадаг субьект биш. Гарын үсэг зурдаг ч хүн биш. Гэтэл энэ хүнийг шалгаад байна гээд бод л доо. Би хавтаст хэрэгтээ бүрэн танилцаагүй байна. Өөрт цуглуулсан нотлох баримтын хүрээнд энэ хэрэг яагаад ч гэм буруутай нь тогтоогдохооргүй цагаатгагдах хэрэг.

-Гэтэл АТГ-аас мөрдөн байцаалтын явцад 3.6 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон. Завшсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлж байсан?

-Эрүүгийн хуулинд эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын нууцыг задруулах гээд зүйл анги оруулсан байдаг. Өмгөөлөгч нэг юм ярихад л АТГ-аас айлгаж хорино гэж сүрдүүлдэг. Хэрэг үүсгэнэ гэж айлгадаг. Тэгсэн хирнээ өөрсдөө хэргийн мөрдөн байцаалт дуусаагүй байхад хэргийн мэдээ баримтыг задруулаад яваад байдаг. Миний судалсан нотлох баримтуудын хүрээнд бараг хилс шахуу хэрэг гэж харж байна. Шалгалтыг үнэн зөв шалгана гэж итгэж байна. Би холбогдох цагаатгах баримтуудыг гаргаж өгнө.

-Л.Гансүхийг батлан даалтад гаргах хүсэлтээ өгсөн үү?

-Бид батлан даалтад гаргах хүсэлтээ хүргүүлсэн. Одоо шүүгч батлан даалтад гаргах асуудлыг эцэслэн шийднэ. Шүүх сүүлийн цагдаа, прокурор, АТГ-ын хорих гэсэн хүн болгоныг хорьдог байгууллага болсон байна. Зүгээр цаас гаргаж өгдөг л сувьект болж. АТГ-аас хорихоор өгсөн хүсэлтүүдийн бараг дийлэнхийг нь шүүхээс хорьж байна. Хуулиараа яагаад хорих захирамжийг шүүх гаргаж өгдөг юм. Шүүхэд хорих үндэслэлийг баталж, нотолж байж л хорих эрхийг олгосон. Гэтэл өнөөдөр хоръё гэсэн болгоныг хорьж байна. Тиймээс бид шүүгчийг бас шалгуулна. Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс ч гэсэн зөвлөмж гаргасан байдаг. Хүнийг хорихдоо нотлох баримтад тулгуурлаж, шүүхээс гэм буруутайд тооцоогүй бол хорихоосоо өмнө баримтыг цуглуулж байж хорих захирамж гаргах ёстой гэж. Гэтэл өнөөдөр шүүх хоръё гэсэн болгоноо хорьж байна. Хүний эрхийг ноцтой зөрчиж байна.

-Л.Гансүхтэй уулзсан уу? Юу гэж байна?

-Уулзсан. Өөрийгөө гэм буруугүй. Үүнийг улстөрийн хэрэг гэж үзэж байгаа. Л.Гансүхийн хийж байгаа ажил нь юу байсан юм гэвэл ченжүүдийн дамалж зарж байгаа нүүрсийг Улаанбаатарын хэрэглэгчдэд 80 мянган төгрөгөөр зарсан. Нийслэлийнхээ иргэдийнхээ төлөө ажиллаж байхад нь ийнхүү шалгаж хорьж байгаад мэдээж гомдолтой байгаа. Энэ хэрэгт АТГ-ын байцаагч, хорих захирамж гаргасан шүүгч, өмгөөлөгчтэй уулзуулаагүй хорих ангийн дарга гээд бүгдийг нь шалгуулна. Хуулийн байгууллага аливаа асуудлыг улстөржүүлэхгүй шалгах учиртай.

-Л.Гансүхтэй хамт хоригдсон хүмүүсийн талаар мэдээлэл өгөөч?

-Одоогоор энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ