Б.Бадамцэцэг: Монголоор дүүрэн царайлаг залуус байна

-Сүүлийн үед ямар нэгэн уран бүтээлд тоглов уу?
-Хамгийн сүүлд “Ану хатан" киноны Ахайн дүрд тоглосон. Тэрнээс хойш хичээлээ хийгээд явж байна. Дүн гарах гээд шалгалт шүүлэг ихтэй. Одоогоор өөр уран бүтээл дээр ажиллаагүй.
-Түүхэн кинонд тоглоно гэж бодож байв уу?
-“Ану хатан” кинонд тоглож, ажиллаж байсан мөч бүхэн минь их гоё байсан. Би түүхэн киноны жижигхэн дүрд ч болов тоглох юмсан гэж боддог байсан ч бүр эсрэгээрээ хариуцлагатай, Ану хатны хамгаалагчийн дүрд тоглох үүрэг оногдсон. Найруулагч, зураглаач, багийнхныхаа хүчээр гайгүй дүр бүтээж чадсан гэж бодож байгаа. Гэхдээ үүнийг үзэгчид маань л шүүх байх.
-Зураг авалтын үеэр юу нь хамгийн гоё байсан бэ?
-Морь унах нь хамгийн гоё байсан.
-Морь унаж чаддаг байсан уу?
-Жаахан байхдаа л унадаг байсан. Тэрнээс хойш унахгүй байж байгаад сая киноны зураг авалт дээр унаж дурсамжаа сэргээлээ. Мориор давхих үгээр ч хэлэх аргагүй тийм гоё мэдрэмж байдаг юм билээ.
-Сургуулиа сольсон гэж сонссон?
-Тийм ээ. Өмнө нь “Ач” анагаах ухааны их сургуульд сурч байсан. Өнгөрсөн жил сургуулиа солиод ЭМШУИС-д орсон.
-Яагаад гарчихав аа?
-Ажлын шаардлагаар. Дээрээс нь сургуулиа ч солих шаардлагатй байсан. Тэгээд гэрийнхэнтэйгээ зөвлөлдөж байгаад сольсон. Одоо хоёрдугаар курсээ төгсөх гэж байна.
-“Ач”-д сурч байхдаа нүүр ам судлалын их эмч мэргэжлээр сурдаг байсан. Одоо ямар ангид сурч байна?
-Одоогоор манай сургуульд гоо сайхны мэс заслын анги гэж байхгүй. Шүдний ангид нь сурч байгаа.
-Яагаад нүүр ам судлал сонирхох болов?
-Эхэндээ зүрхний эмч болно гэж боддог байснаа арай хүнддэх юм шиг санагдаад энэ ангид орсон. Ер нь ирээдүйтэй мэргэжил. Монголын бүсгүйчүүдэд хэрэгтэй юм болов уу гэж бодсон.
-Яагаад?
-Би гоо сайхны мэс заслыг маш их дэмждэг. Хүн өөртөө итгэлтэйгээр урагшаа алхах нь хамгийн гол шүү дээ. Өглөө босоод толинд харахдаа өөрөө өөртөө таалагдаж байвал өдөржингөө эрч хүчээр дүүрэн байж чадна. Гоо сайхны мэс засалд ороод өөрийгөө өөрчилж чадах юм бол тэр хүний ирээдүйн амьдралд нөлөөлөх байх гэж боддог. Монголд гоо сайхны мэс заслыг буруугаар ойлгодог, нэр хүнд муутай шүү дээ. Үүнийг өөрчилж Монголынхоо гоо сайхны мэс заслыг дэлхийн түвшинд хүргэх юмсан гэж боддог.
-Чи өөртөө гоо сайхны мэс засал хийлгэж байсан уу?
-Надад одоогоор засуулсан эрхтэн байхгүй. Мэс засалд орох шаардлага ч байхгүй. Өөртаа сэтгэл хангалуун явдаг. Гэхдээ цаашид хийлгэхгүй гэж хэлж чадахгүй.
-Өөрийг чинь нэг мэдээллийн сайт дээр ээжээсээ халаасны мөнгө авдаг гэж ярьсан хэрнээ үнэтэй брэнд хөөж явдаг гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Үүнд хариулт өгөөч?
-Би их гайхсан. Надаас утсаар ярилцлага авсан нь үнэн. Гэхдээ миний ярьсан зүйлийг мушгиж бичсэн байна билээ. Хэрвээ анхаасаа гүтгэж бичих байсан юм бол надаас ярилцлага авах ч хэрэггүй, өөрсдөө л зохиогоод бичиж болох байсан шүү дээ. Хүмүүст намайг буруугаар ойлгуулах гэж ярилцлага авсан юм шиг.
-Хэрэгцээнийхээ мөнгөө яаж олж байна?

-Мэдээж надад хувийн эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Оюутан хүн. Хааяа кинонд тоглоно. Тэрнээс мөнгө олно. Тэгээд байнга кинонд тоглоод, зураг авалтад оролцоод мөнгө олоод байдаггүй болохоор би бусад хүүхдүүдийг л адил ээж, ааваасаа өдөр тутмын хэрэглээний мөнгө авна шүү дээ. Надад бас хуримтлуулсан мөнгө байгаа. Тэр мөнгөө юундаа яаж зарцуулах нь миний л хэрэг биз дээ. Би айхтар үрэлгэн хүн биш л дээ.
-Найз залуутай болсон гэж сонссон. Үнэн үү?
-Энэ талаар ярихгүй ээ /инээв/. Миний хувийн амьдрал болохоор би хэлмээргүй байна.
-Эрэгтэй хүний юуг нь хамгийн түрүүнд хардаг вэ?
-Би их өндөр шалгууртай. Түүнийгээ мэддэг ч засаж чадахгүй байгаа. Би эрэгтэй хүний нүд, гар хоёрыг нь эхэлж шинждэг. Ялангуяа хурууных нь хумсыг. Том тольтой хумс гоё байдаг юм.
-Нүд нь ямар байх ёстой вэ?
-Үнэн байх хэрэгтэй. Хүн рүү харж байгаа нүд олон янз байдаг. Тэднээс үнэн сэтгэлээсээ харж буй нүд огт өөр байдаг. Гадаад үзэмж бол их чухал биш. Харин боловсрол нь чухал.
-Залуусын царай чамд чухал биш гэж ойлгож болох нь ээ?
-Болно. Гэхдээ манай залуучууд Азидаа хамгийн царайлаг гэгддэг гэнэ билээ. Монголоор дүүрэн царайлаг залуучууд байна.
-Хайртай бол хартай гэдэг үгтэй санал нийлдэг үү?
-Үгүй. Хайртай л бол нэг нэгэндээ итгэдэг байх хэрэгтэй.
-Гэр бүл төлөвлөлтийг юу гэж боддог вэ?
-Миний сонгосон мэргэжил бараг арваад жил суралцах байх. Гэр бүлээ аваад явах чадвартай, мэдлэг боловсролтой болсныхоо дараа амьдрал зохионо гэж боддог. Монголчууд эрэгтэй хүн гэрийн гадуур ажил, эмэгтэй хүн гэрийн доторх ажлыг хийх ёстой гэсэн үзэлтэй шүү дээ. Би үүнтэй ерөөсөө санал нийлдэггүй. Хоёулаа хийх зүйлээ хуваагаад л хийдэг байвал гоё.
-Миссийн тэмцээнд дахиж оролцох бодол байна уу?
-Оролцоно, оролцохгүй гэж яг хэлж чадахгүй. Гэхдээ би эмэгтэй хүн бүрийн хүсдэг титмийг авчихсан. Бас Монгол Улс гэсэн нэрийг дэлхийн тавцанд дуудуулчихсан. Гэхдээ цаашид шаардлага гараад оролцохыг үгүйсгэхгүй.
-Өнгө өнгийн хувцас өмсдөг үү?
-Би ер нь тухайн өдөр сэтгэл санаа ямар байна тэгж л хувцасладаг. Ер нь бол өглөө хувцасны шүүгээгээ онгойлгоод хамгийн түрүүнд харагдсанаа өмсчихдөг дөө. Уг нь биеийн өнгөтэй хувцсанд их дуртай байсан. Сүүлийн үед харин тод хувцас өмсөхийг хичээж байгаа. Брэнд гэдэг бол зүгээр нэр томъёо. Зүгээр л надад таалагдсан, намайг эвтэйхэн, гоё харагдуулах тийм л хувцас сонгодог. Ер нь брэнд байлаа гээд надад зохих албагүй, гоё брэнд хувцас байгаад надад гоё харагдаж байвал бас сайхан шүү дээ.
-Ямар ээмэг зүүх дуртай вэ?
-Шигтгэдэг мөртлөө томхон ээмэгт дуртай. Бүр нүсэр, унжуургатай ээмэг зүүж чаддаггүй. Тэмцээн уралдааны үед бол зайлшгүй зүүдэг л дээ.
-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж байна?
-Найзуудтайгаа л уулздаг даа. Сүүлийн үед харин зав муутай байгаа. Хичээлээ тараад toefle-д бэлдээд байгаа.
-Toefle-д бэлдэж байгаа гэхээр гадагшаа явах бодол байгаа гэсэн үг үү?
-Үгүй ээ. Toefle-ын оноо цаашид хэрэгтэй шүү дээ. Одоохондоо гадагшаа явах төлөвлөгөө байхгүй.
-Машинтай болсон уу?
-Болоогүй байгаа.
-Хэзээ машинтай болох вэ?
-Ээж, аав хоёрл мэдэх байх даа.
-Ер нь ямар машин сонирхдог вэ?
-Би дунд зэргийн машинд дуртай. Хөдөө явах их дуртай болохоор донсолгоо гаргачихдаг, найдвартай л машин л дээр дээ.
-Жолоо хэзээ төгссөн бэ?
-2011 онд төгссөн юм байна.
-Их унтдаг уу?
-Ээж өглөө ажилдаа явахдаа янз бүрийн юм ярьсаар байж сэрээчихдэг л дээ/Инээв/. Тэгсээр байж их эрт сэрдэг болчихсон байна билээ. Шөнө нэг, хоёр гэж унтаад өглөө их эрт босдог.
-“Хэцүү анги” кинонд тоглож байснаа дурсаач?
-Би арваннэгдүгээр ангид байсан. 600 гаруй хүүхдээс шалгарч гол дүрд тоглосондоо их баярладаг. Олон ч найз нөхөдтэй болсон.
-Тэр кинонд тоглож байхдаа чи их бүдүүн байсан шүү дээ. Яаж турав аа?
-Тийм ээ. Их тарган байсан. Гэхдээ кинонд тоглох гурван сарын хугацаанд л даа. Тэнд цагийн хоолонд орчихсон, дээрээс нь амттай хоол өгдөг байсан болохоор өгсөн бүгдийг нь иддэг байсан л даа. Ганц би гэлтгүй бүгдээрээ жин нэмсэн дээ. Киноны дараа хоолны дэглэмээ бариад өөрийнхөө жиндээ орчихсон.

-Энэ кинонд тоглохоосоо өмнө ер нь загварын чиглэлээр явж байсан уу?
-Наймдугаар ангидаа “Үнсгэлжин-2009” тэмцээнд оролцож тусгай байр эзэлж байсан. Тэгээд Содтуяа багштай уулзаж, “Азийн модель” агентлагт сургалтад явж эхэлсэн.
-Олны танил байх хэр байна?
-Нэг талаараа гоё ч нөгөө талаараа хэцүү. Хүмүүс янз бүрийн юм яриад, сонин хэвлэлүүдээр зөндөө муулуулсан. Эхэндээ их эмзэглэдэг байсан. Ээж маань надад “Чамайг шүүмжилж бичиж байгаа бүгдийг зөвлөлгөө өгч байна гэж бодоод уншаад үз дээ” гэж хэлсэн. Хүн өөрийнхөө өөг харж чаддаггүй шүү дээ. Тиймээс миний тухай бичдэг хүмүүст их баярладаг болсон.
-Бүжиглэх дуртай юу, хаана ордог вэ?
-Би гурван удаа бааранд орж үзсэн. Дандаа киноны зураг авалтаар. Түүнээс биш чимээ шуугиантай газар байхыг хүсдэггүй. Хааяа найзууддаа “Би хэзээ залуу хүн шиг баар саванд орж явдаг болох юм бол доо” гэж хэлээд шоолуулдаг. Миний сонсдог хөгжим ч гэсэн намуухан.
-Ямар хөгжим сонсох дуртай гэж?
-Төгөлдөр хуурын аялгуу сонсдог. Миний хамгийн хайртай төгөлдөр хуурч бол Солонгосын Юрүма гэдэг бүсгүй бий. Дэлхийн одуудаас Бэйонси, Рианаг, Монголоос дуучин С.Наран эгчийн дууг сонсох дуртай. Яагаад гэвэл дуугаа үнэн сэтгэлээсээ дуулж, амьдруулж чаддаг.
-Гэрийнхнээс чинь урлагийн хүн байгаа юу?
-Ээж уламжлалт анагаахын эмч, аав ОХУ-д байлдааны онгоцны нисгэгч мэргэжлээр төгссөн хүн бий. Монголд ийм мэргэжил байхгүй болохоор хувиараа бизнес хийдэг. Урлагийн хүн байхгүй.
-Өөрийгөө хэр эх оронч гэж бодож байна?
-Эх оронч үзлийн талаар сүрхий бодож байгаагүй. Гэхдээ Монгол Улсынхаа тусгаар тогтнолоор үнэхээр их бахархдаг, энэ оронд төрсөндөө баярладаг болохоор эх оронч үзэлтэй гэж бодож байна.
-Зарим хүн хотод хөдөөгийн залуус олноор орж ирснээс болж, хот хот биш болж байна гэж ярьж байна. Энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Хөдөөнөөс орж ирээд хог хаяж, бохирдуулж байгаа хэсэг бий байх.Тэднийг хотод сурч боловсрохоор ирснийг нь үгүйсгээгүй л дээ. Гэхдээ энд ирсэн л бол хотын залуустай хөл нийлүүлж алхах хэрэгтэй шүү дээ. Хаа хамаагүй хогоо хаяхаас авахуулаад элдэв хэрэг төвөгт ороолцолдож байгаа нь өөрсдийнхөө болон Улаанбаатар хотын нэр хүндийг унагааж байгаа гэдгийг л ойлгох ёстой. Гэхдээ хөдөөнөөс орж ирсэн хүн бүр ийм биш ээ. Хотынхон ч энд тэнд хог, шүлсээ хаяж яваа нь харагддаг. Хаа хаанаа анхаарах хэрэгтэй. Гэр хороолол ихсэж байгаад бас эмзэглэж явдаг.
-Энэ бүхэнд хэн буруутай юм болоо. Яаж зохицуулбал зүгээр гэж бодож байна. Залуу хүний хувьд?
-Би бүр багаасаа л зурагтаар улс төрийн хэрүүл сонсож өссөн. Нэг өдөр ээж “Энэ улстөрчдийн оронд хүүхдүүдийг суулгачихвал улс орон маань үүнээс хурдан хөгжинө дөө” гэж хэлж байсан. Тэгэхээр монголын чадварлаг залуус шийдвэр гаргах түвшинд ажиллах хэрэгтэй байна. Зарим нь ч УИХ-ын гишүүдээс илүү зүйлийг хийж, бүтээж явна шүү дээ. Гэхдээ тэдний оронд улс төрд дан залуус ороод ажиллахад нэлээд цаг хугацаа шаардах байх.
-Улс төр сонирхдог юм уу даа?
-Жаахан байхдаа сонирхдог байсан. Одоо бол үгүй ээ.
-Хэрвээ чи илбэчин болвол Монголд юу хийх вэ?
-Агаарын бохирдолтой холбоотой хот төлөвлөлтийн ажлыг дахин эхнээс нь хийнэ. Бас Туул голоо хамгаалж, Улаанбаатар хотоо ойжуулах байсан байх.
-Тэгвэл шидэт бирд гурван хүслийг чинь биелүүлье гэвэл юу хүсэх вэ?
-Хамгийн түрүүнд агаарын бохирдлыг арилгана гэх байсан. Дараа нь амин хувиа бодно. Бүх хүн л тэгэх байх гэж бодож байна. Гэр бүлийнхэн маань эрүүл энх байгаасай гэж. Хамгийн сүүлд миний ирээдүй үргэлж гэрэлтэж байгаасай гэж хүснэ.
Б.Бурам
СЭТГЭГДЭЛ БИЧИХ