Л.Гансүхийг батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээн авсангүй

Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх хариуцан ажилласан. Харин АТГ-аас Л.Гансүхийг тус хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэрэгт шалгаж, өнгөрсөн мягмар гаригт Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулаад байгаа юм.
Саатуулахдаа үндэслэлгүйгээр саатуулж, өмгөөлөгчидтэй нь ч уулзуулахгүй эрхийг нь зөрчсөн гэж Л.Гансүхийн өмгөөлөгчид мэдээлэл хийлээ. Л.Гансүхийг цагдан хорих үндэслэлээ АТГ-аас албан ёсоор тайлбарлаагүй, үндэслэлгүйгээр цагдан хорьсон нь буруу гэж өмгөөлөгчид нь мэдээллээ. Л.Гансүхэд дөрвөн сарын өмнө батлан даалтад гаргах арга хэмжээ авсан.
Энэ хугацаанд Гансүх хууль зөрчиж, мөрдөн байцаалтын явцад саад учруулж, оргон зайлсан ямар ч үйлдэл гаргаагүй. Тийм байхад цагдан хорьсон нь цаанаа улстөрийн зорилготой гэж Гансүхийн өмгөөлөгчид нь үзэж байгаа юм байна.
Мөн Л.Гансүхийг хоригдсон өдрийнх нь маргааш өмгөөлөгч Цэндсүрэн уулзах гээд Төв аймагт очсон боловч ШШГЕГ-ын байгууллагаас уулзуулаагүй гэж байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх болон Үндсэн хуулийн дагуу гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээд өмгөөлөгч авах, өмгөөлөгчтэйгээ уулзах эрхийг зөрчиж байна гэж өмгөөлөгчид нь мэдэгдсэн юм.
Мөн харьяаллын дагуу ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулах байсан ч Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан. Энэ нь улстөрийн зорилгоор хорьсон гэдгийг харуулж байна гэж өмгөөлөгчид нь үзэж байгаа юм байна.
Л.Гансүхийг хууль бусаар цагдан хорьсон гэж өмгөөлөгчид нь үзэн батлан даалтад гаргах хүсэлтээ Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхийн Ерөнхий шүүгчид гаргасан байна. Гэвч шүүхээс өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй байна.
Өмгөөлөгчдийнх нь зүгээс АТГ Л.Гансүхийг хууль бусаар хорьсон, өмгөөлөх авах эрхийг нь зөрчсөн гэж АТГ-ын байцаагч, хорих захирамж гаргасан шүүгч, өмгөөлөгчтэй уулзуулаагүй хорих ангийн дарга гээд албан тушаалтнуудыг ходбогдох байгууллагуудад нь өгч шалгуулна гэдгээ хурлын үеэр мэдэгдлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ