2018 оны ДАШТ-ийг өрнөдийн гүрнүүд бойкотлох уу

2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг манай хойд хөрш ОХУ зохион байгуулахаар эрхээ албан ёсоор авсан билээ. Хүн төрөлхтөний цэнгэл баярын дээд болсон хөлбөмбөгийн дэлхийн аваргыг дээд хэмжээний зохион байгуулалттайгаар явулахын тулд аль хэдийнэ бэлтгэл ажлууд эхэлсэн хэмээн ОХУ-ын спортын салбарын зүтгэлтнүүд мэдэгдээд байгаа.

Тэгвэл Украинд болж буй хямралын үр нөлөөгөөр дөрвөн жилийн дараа ОХУ-д болох тэмцээнд ямар нэг саад учирч магадгүй хэмээн хөлбөмбөгийн үнэнч фанатууд санаа нь зовниж эхэлжээ.

Саяхан Их Британийн ерөнхий сайдын туслах Ник Слегг гэгч өөрийн орны нэгэн томоохон хэвлэлд өгсөн ярилцлагадаа Украины хэрэг явдалтай холбогдуулан ДАШТ зохион явуулах Оросын эрхийг хасах хасах хэрэгтэй хэмээн дурдсан талаар шуугиж эхлээд байна. Хэдийгээр ийм том асуудал шийдэгдэхэд зай ч байна гэх боловч өрнөд европын Оросын эсрэг хэт үзэлтнүүдийн төлөөлөл болсон улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд иймэрхүү юм дуугарах нь ихсээд байгаа.

Тиймээс хүйтэн дайны үеийн спортын тэмцээн уралдаанууд, олимпийн наадам хүртэл бойкотлогдож байсан гашуун түүх геополитикийн хэнээтнүүдээс болж ямар нэг байдлаар давтагдах вий хэмээн санаа зовогсод ч нэмэгдэж эхэлжээ.

Тэгвэл Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын засгийн газар ийм хариуцлагагүй үг олны анхааралд оруулсныхаа төлөө ихээхэн эсэргүүцэл шүүмжлэлтэй тулгарч эхэлсэн байна. Улмаар засгийн газрын тэргүүн Дэвид Кэмероны хэвлэлийн албанаас “Шууд ийм арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн ерөнхий сайд үзэхгүй байна” гэж мэдэгдсэнийг ""Гуардиан” сонинд бичжээ.

Украины хэрэг явдлын талаархи Оросын засгийн газрын “бодлогыг өөрчлөх нь чухал” гэдгийг мэдэгдэлд цохон тэмдэглэсэн байна. Их Британийн ерөнхий сайд орлогчийнхоо уриалгыг дэмжинэ хэмээн үзэх ямар ч шалтаг одоогоор алга хэмээн энэ мэдээнд редакцийн зүгээс анализ хийжээ.

Тэгвэл эцсийн шийдвэрийг гаргах Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ны удирдлагууд ямар байр суурьтай байгаа вэ? Тэд 2018 оны Орост болох ДАШТ-ийг хэд хэдэн орон хясан боох арга хэмжээ авч болохтой холбогдуулан албан ёсны мэдэгдэл хийсэн юм. "ДАШТ нь ард түмнүүдийн хооронд оновчтой яриа хэлэлцээ өрнүүлж, нийгмийн нааштай өөрчлөлт хийх хэрэгсэл болж чадна гэдэгт итгэж байна" хэмээн олон салаа утгатай мэдэгдлийг тус байгууллага хийжээ.

Украины нутаг дэвсгэрт ихэнх нь голланд зорчигчид сууж явсан Малайзын иргэний агаарын нисэх онгоц сүйрсэний дараа Нидерландын шигшээ багийн дасгалжуулагч асан Жон ван’т Схип өөрийн орны шигшээ багийг 2018 онд Оросыг тоож зүглэхгүй байхыг уриалсан юм.

Мөн энэ оны гуравдугаар сард Америкийн сенатч Марк Кирк, Дэн Коатс нар олон улсын хөлбөмбөгийн холбооноос Оросын гишүүнчлэлийг зогсоож, 2018 оны ДАШТ зохион явуулах эрхийг нь хасч, түүнчлэн Бразилд болсон дэлхийн аваргад Оросын шигшээг оролцуулахгүй байхыг уриалж байсан билээ.

Гэх мэтчилэн Украины хэрэг явдалтай холбоотойгоор Оросын эсрэг өрнөдийн хэнээтнүүд дэлхийн аваргыг зохион байгуулах явдлыг ямар нэг хэмжээгээр боомилохоор оролдож, уриалж байна.

2018 оны ДАШТ ойролцоогоор зургадугаар сарын 8-наас долдугаар сарын 8-нд Оросын хотуудад болох юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ