“Нийслэл Өргөө” ХХК барилгын зураг төслөө өөрчилж орон сууц барьж байжээ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй 14 давхар барилгаас гурван хүн унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг барилгын ерөнхий гүйцэтгэгчээр “Нийслэл өргөө” компани ажиллаж байсан юм. НМХГ-аас хийсэн шалгалтаар олон ноцтой зөрчил илэрсэн байдаг.
Тэгвэл сүүлд авсан мэдээллээр тухайн барилга гурван зөвшөөрөлтэй байж болзошгүй зөрчил илэрчээ.“Нийслэл өргөө” компани нь анхны зөвшөөрлөө архивын барилга барих зориулалттайгаар арван давхар байшин барих зөвшөөрөл авсан байдаг.
Гэтэл барилгын зураг төслөө дур мэдэн өөрчилж, нэг блокийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй 10 давхар цахим архивын барилга болгож, нөгөө блок дээр нь 14 давхар орон сууцны барилга барьж байсан нь НМХГ-аас хийсэн шалгалтаар илэрчээ.
Энэхүү асуудал Нийслэлийн Ерөнхий төлөвлөөгөөний газрын ажилтнуудтайч холбоотой байж болзошгүй гэж НМХГ-аас үзэж байгаа юм.
Мөн 2013 онд “Нийслэл өргөө” компанийн барилгаас хүн унаж амиа алдсан хэрэг гарч байсан. Хүний амь эрсэдсэн зөрчилтэй байхад тендерт шалгаруулсан зэрэг олон асуудал сөхөгдөж байгаа юм. Хэрэгт холбоотой хүмүүсийг АТГ-т шалгуулахаар хандсан гэж НМХГ-ын дэд дарга М.Баасандорж ярьж байна. Гэхдээ нэр усыг нь одоогоор зарлах боломжгүй гэсэн юм.
“Нийслэл өргөө” компанийн барилгад гарсан осол хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс болж гарсаныг НМХГ-аас тогтоон, хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Харин амиа алдсан гурван ажилтны хэргийг тусгаарлаж, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ.
Б.Золбоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ